Цаг үеийн мэдээ

Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургаа амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

 

Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

 

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

 

Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.

 

Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.

 

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

 

Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. 

 

Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.

 

Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.