Цаг үеийн мэдээ

Прощай! Үүнийг би баяртай! гэсэн үг хэмээн бодож явсан билээ. Оюутан байхдаа Харьков хотын нэгэн үйлдвэрт дадлага хийж төмөр зорох суурь машин дээр хэдэн cap ажиллан, энэ хугацаанд өөрийн гэх багаж хэрэгсэл үгүй тул зэрэгцээ ажиллах Света бүсгүйгээс түлхүүр, хусуур, алх зэрэг ойр зуурын багаж хэрэглэдэг байлаа. Түүнээс багаж хэрэглэхэд нэн дуртай, тэр ч байтугай зарим өдөр өөр хүнээс багаж авчихвал гоморхон хагас өдөр дуугарахгүй агаад зорсон зүйлсээ төмөр тэргэнд чирч дайрчих шахан тачигнуулсаар шөнө дундын трамвай шиг өнгөрнө. Маргааш нь очоод багаж гуйвал нөгөө гоморхсоноо огт мартаж орхиод:
-Чи хэрэглэх багажаа асуулгүй авч бай л даа хэмээн өглөгийн эзний нүнжигтэй нүдээр тормолзонхон байдаг асан. Хааяа багажны нь хайрцгийг хэлэлгүй уудалж байхыг харчихвал "Попался, кто в огород кусался" гэж чанга чанга хашгиран баясаж, бусад охидын харааг над руу хандуулан “Энэ надаас багаж авч байна” гэдгийг мэдэгдэх бөгөөд намайг ичиж улайгаасай гэж сэм хүснэ. Огт ичсэн шинжгүй байхад минь урам нь хугарч "чи тэнэг" гэсэн үг харцанд нь хормын төдий гарч ирээд төдхөн далд орно.
Тийн байсаар бидэн хоёр их л дотно үерхэж ээлжийн ажилгүй өдөр ший бүжгэнд явдаг байжээ.
Тэгж байтал дадлагын хугацаа ч дорхноо дуусч нэг л мэдэхэд тэндээс бүрмөсөн явах болжээ. Явах болсноо хэлэхээр Света дээр гүйн хүрвэл ярих юм төдий л эс олдон, одоо ч дахиад уулзахгүй биз дээ гэж бодохуйяа Прощай! гэж хэлмээр санагдав. Тэгээд хэлье гэтэл нэг л эвгүй, хоолой зангираад түгдчин байтал Света,
-Чи юм хэлэх гээд байна уу? гэв. Би уулгамч юм шиг,
-Прощай! Гэж хэлсэн өөрийнхөө дууг таньсангүй. Света үг ч дуугаралгүй огцом эргэж хутга тохируулдаг бариулаа ууртай дугтарч нарийвчаа зорж эхлэв. Энэ нь лав гологдол боллоо гэдгийг би туршлагаас мэдэж байлаа. Хутгаа хэт гүнзгий зоосноос хиншүү ханхлан хутга харлаад солонгын өнгөтэй халуун зоргодос п-р-р-р-о- хэмээн дугуйрч байснаа щай! Гэж тэнийгээд шалан дээр унав.
-Прощай! Энэ үг бундангийн тамгыг харсаар байтал гилийн тамга болгодог илбэчний гар шиг над руу хараад инээж байсан хонгор бүсгүйн нүүрийг огцомхон эргүүлээд цааш нь харуулчихлаа.
Энэ баяртай! гэсэн үг биш ажээ.
1968 он. Сүхбаатар хот

*Үүрд хагацъя! гэсэн утгатай үг /орос/

|Толгодын цаана ингэ буйлна номын 74-р тал|