Цаг үеийн мэдээ

       Шинэ коронавирусний халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан  коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос хотоос гарч орох бүх гарцыг хаагаад байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн Нийслэлийн онцгой байдлын газрын үүдэнд хотоос гарах хүсэлтэй иргэд олноор цугларч бөөгнөрөл үүсгээд байна. Эдгээр иргэдийн хувьд хотын алслагдсан дүүрэг, тосгодод мал аж ахуй эрхэлж амьдардаг бөгөөд хотоос эргээд гарч чадахгүй болсон нь энэ аж. Эдгээр иргэд дунд хот руу сүү сүүн бүтээгдэхүүн зөөвөрлөдөг, малын тэжээл худалдаалдаг болон албан ажлаа гүйцэтгэхээр хотоос гарах хүсэлтэй иргэд байгаа юм байна.

      НОБГ иргэдийг цөөн цөөнөөр нь хүлээж авч байгаа бөгөөд иргэдийн гаргаж байгаа өргөдлийн нөхцөл байдлаас шалтгаалж хоёр цагийн дараа өргөдлийн хариуг өгч байгаа талаар иргэд мэдээлж байна.  

       ЭМЯ-ны гаргасан мэдэгдлийн дагуу коронавирсийн халдвараас сэргийлэх үүднээс нэг дор олноор цугларахгүй байхыг сануулж байгаа ч НОБГ-ын гадаа цугларч байгаа хүмүүс өндөр эрсдлийг дагуулж байна.