Цаг үеийн мэдээ

Элэгний мэс засалч, гавъяат эмч Ж.Чинбүрэн коронавирусын шинэ түргэн оношлуурыг бие дээрээ туршсанаа өчигдөр өөрийн фэйсбүүкээр зарлалаа. Халдвартай эсэх хариуг 10-15 хан минутад мэдэж болох шинэ оношлуурыг туршсан нь сайн мэдээ болж байна.

Гавьяат эмч Ж.Чинбүрэн “Цар тахлын үед цаг мөч бүхэн алтнаас үнэтэй. Хүний амь, улс, үндэсний аюулгүй байдлаар хэмжигддэг. Хорт хавдартай, дархлаа нь унасан хүнд өвчтөнүүдэд мэс засал хийдэг учраас хамгийн эрсдэл өндөртэй нөхцөлд ажилладаг эмч хүний хувьд туршилтанд биечлэн оролцсондоо баяртай байна. Хариу сөрөг буюу халдваргүй гарсан шүү” бичжээ.

Америкийн патентаар, Хятадын Core Technology компани үйлдвэрлэж, ердөө 7 хоногийн өмнөөс эмнэлгүүдэд нийлүүлж эхэлсэн энэ түргэн оношлуурыг Эрүүл мэндийн яамнаас туршиж эхэлсэн байна. Энэхүү түргэн оношлуурыг цус болон ийлдэст үздэг бөгөөд 98,8 хувийн мэдрэг чанартай, халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоног болсон өвчтөнүүдэд туршиж баталгаажуулсан тухай мэдээлжээ. Манай улсад өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа оношлуурын хариу нь 24 цагийн дараа гардаг, тэр хэрээр тухайн хүн, хавьтал хамааралд орсон, тусгаарлалтанд байгаа хүмүүс, олон нийт түгшин хүлээж, цаг, мөнгө урсдаг. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд 144 дахин хурдан хариу гаргадаг оношлуур юм байна. Хариу хурдан гарахын хэрээр шинэ төрлийн цар тахалтай цаг алдахгүй тэмцэж сэргийлэхээс гадна зардал мөнгийг ч хэмнэнэ. Тусгаарлалтанд орсон нэг хүнд өдөрт 56 мянган төгрөгийн зардал улсаас гарч байгаа юм. 14 хоногоор бодоход нэг хүнд 784 мянга орчим төгрөг зарцуулж байгаа юм.