Цаг үеийн мэдээ

 

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн  урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эд болох 3 ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, Цоохор ирвэсийн түүхий эд 3 ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/нэг нэгж 1,000 төгрөг/, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эх сурвалж : Экологийн цагдаагийн алба