Цаг үеийн мэдээ

 

Дэлхий дахинд хорт хавдраар нас барж буй тохиолдлын гуравдугаарт ходоодны хорт хавдар орж байна. Харин манай улс энэ хавдрын улмаас нас барж буй хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа нь уг өвчин аюултай гэдгийг илтгэнэ.

 

Ходоодны хорт хавдар, эрт илрүүлгэ оношилгоо сэдвээр СХД–ийн Эрүүл мэндийн төвийн Хавдар судлалын их эмч Г.Хандсүрэнтэй ярилцлаа.

 

Зө.мн: Манай иргэдийн дунд ходоодны хорт хавдрын тохиолдлын тоо сүүлийн үед ихсэх хандлага ажиглагдаж байна.  Нөхцөл шалтгаан юунд байна вэ?  

 

Г.Х: – Манай улсад ходоодны хорт хавдар, нийт хавдрын өвчлөгсдийн эрэмбээр 2 дугаар байрт бичигдэж байна. Ходоодны хорт хавдраар оношлогдоод ирж байгаа хүмүүсийг нэг дүүргийн хэмжээнд авч үзвэл нэг жилийн дотор 548 ходоодны хавдрын тохиолдол оношлогдсон. Үүний 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж, 225 хорт хавдар оношлогдож байгаа харамсалтай тоо баримт байна.  Ходоодны хорт хавдар нь 4 үе шаттай. Эхний хоёрыг нь эрт үеийн хавдар гэнэ. Гурав, дөрөвдүгээр үеийг нь хожуу үеийн хавдар гэнэ. Мэдээж хэрэг ходоодны хорт хавдрыг эрт илрүүлвэл эмчилгээ төгс болно, бүрэн эдгэрэх магадлал өндөр. Монголд харамсалтай нь гурав, дөрөвдүгээр буюу хожуу үеийн хавдрууд 85,5 хувьтай байна.  

 

Харин манай орны хувьд ходоодны хорт хавдартай дөрвөн өвчтөний нэг нь л таван жил амьдрах магадлалтай байна. Энэ нь нийт өвчлөлийн 85 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаатай холбоотой юм.

 

     

Зө.мн: Ходоодны хорт хавдрын үед тэмдгүүд хэрхэн илэрдэг вэ?

 

Г.Х:–  Иргэддээ хандаж хэлэхэд ходоодны хорт хавдар эхний хоёр үе шатанд ямар ч шинж тэмдэг өгдөггүй. Тиймээс иргэд өвчнөө анзаарахгүй явсаар хүндрүүлчихдэг.  Харин гурав, дөрөвдүгээр үе шатанд орвол шинж тэмдгүүд илэрнэ. Цээж хорсох, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах нь ходоодны хорт хавдар туссаныг илтгэх шинж тэмдгүүдийн нэг юм. Ходоодны орчим эвгүй оргих, заримдаа өвдөлт мэдрэгдэх, хоол шингэхгүй болох, шалтгаангүйгээр турж эцэх, цус багадах, зарим тохиолдолд хоол орохоо болих, гороож тээглэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.  Энэ үед хэдийнэ оройтох шат руугаа орсон байх болно. Та яг одоо та  эрүүл саруул байгаа мэт боловч таны биед ямар нэгэн өвчний эхлэл сууриа засаж байгааг хэлэх аргагүй. Тиймээс та цаг тухай бүрт өвчний эрт илрүүлгэ, оношилгоонд хамрагдаарай. 

 

Ходоодны хорт хавдрын шинэ тохиолдлын 50.2% эрэгтэй, 49.8% эмэгтэй эзэлж байна.

 

ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ ХОДООДОНД АЮУЛГҮЙ

 

Зө.мн: Бидний ярилцлагыг уншаад эрт илрүүлгэ оношилгоонд хамрагдахыг хүсэх  хүмүүс мэдээж олон байна гэж найдаж байна. Тэгэхээр иргэд маань хаана хандаж, ямар шинжилгээ хийлгэх вэ? 

 

Г.Х:–  Улсын хэмжээнд бүх дүүргүүд, клиникийн эмнэлгүүдэд дурангийн кабинет бий. Ходоодны хорт хавдрыг илрүүлдэг арга бол ходоодны дуран юм. Хэрэв эрт үед нь илрүүлвэл дурангаар эмчлэх боломжтой байдаг. Харин 40 наснаас дээш хүмүүс 2 жилдээ нэг удаа дурангийн шинжилгээ заавал хийлгэж байх ёстой. Зарим хүмүүс ходоодны дурангаас эмээх хандлага ажиглагддаг. Ходоодны дурангийн шинжилгээ бол энгийн бөгөөд чухал хэрэгсэл бөгөөд ходоодонд ямар нэг аюул учруулдаггүй. Ходоодны хавдар эрт үедээ шарх хэлбэртэй илэрдэг учраас гурван сарын дараа дахин нэг дурандуулах хэрэгтэй. 

 

Эрт үедээ оношлогдвол ходоодны хорт хавдрыг улаан-хоолой ходоодны уян дурангийн аргаар дотор талаас нь салст хуулах, салстын доод давхаргыг хуулах аргаар эмчлэх боломжтой байдаг. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт маш өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд мэс засал, клиник хавдар судлал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний баг эмчилгээний үйл ажиллагаанд оролцдог ч эмчилгээний үр дүн маш муу байдаг.

 

Зө.мн: Ходоодны хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

 

Г.Х:– Юуны түрүүнд хүүхэд томчууд бүгд өглөөний цайгаа ууж хэвших хэрэгтэй. Мөн элдэв өнгө будагтай, хийтэй ундаа, бэлэн гоймон, хэт халуун ногоотой хүнсний зүйлсээс татгалз. Хүмүүс энэ тухай мэддэг ч амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй. Мөн стресс ядаргаа, уур уцаар, архим тамхины өндөр хэрэглээ таны биед ходоонд сөрөг үр дагаварт хүргэнэ.  Ходоод гэдэг нь хоол боловсруулах эрхтэн гэдэг утгаараа хамгийн түрүүнд хоол ундаар дамждаг халдвар юм. Тиймээс мөн нэн түрүүний асуудал бол хеликобактер. Хеликобактери нь амны шүлс, салстаар дамждаг халдвар. Хеликобактериас сэргийлэхийн тулд гадуур хооллохдоо нэг удаагийн аяга таваг хэрэглэж байх хэрэгтэй, эсвэл аяга тавгаа сайн ариутгаж хэрэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, давсны хэрэглээ их өндөр байдагтай холбоотой. Бид бусад улс орнуудаас 2,3 дахин илүү давс хэрэглэж байна. Тийм учраас бидний сэргийлэх ёстой гол асуудлуудын нэг бол давсны хэрэглээгээ аль болох багасгах.

 

Зө.мн: Ер нь ходоодонд ямар хоол хүнс ээлтэй вэ?

 

Г.Х:– Ногоон навчтай жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, загасны тос, цөцгийн тос, сүү, өндөг, шар буурцаг, элэг, бөөр, загасны түрс, шар болон улаан лууван, улаан лооль, алим, лууван зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Хоолоо болж өгвөл шарж хуурахгүй, ууранд жигнэж болгож идвэл сайн байна. Мөн хоносон хоол ходоодны гэм гэж үг бий. 

 

Зө.мн: Танд баярлалаа.