Цаг үеийн мэдээ

2020.06.27-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 506 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 316  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

            2020.06.26-ны шөнийн 00 цаг 40 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвд/ асфальтан замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон хэрэг,

             2020.06.28-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Prius маркийн Л жолоочтой автомашин онхолдож, зорчигч 51 настай, эмэгтэй Х-гийн амь нас хохирч, 61 настай эмэгтэй Б, 10 настай эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэрэг,

            2020.06.28-ны өдрийн 18 цаг 52 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Уаз маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Н-ын  амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 1 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,7 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 31,25 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 0,9 хувиар,  хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхад анхаарна уу.

Харин жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.