Цаг үеийн мэдээ

“Новичок” хэмээх химийн бодист хордож, Германд эмчилгээ хийлгэж байгаа ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногт ухаан орж, хиймэл амьсгалын аппаратаа салгуулсан тэрээр Германд үлдэхгүйгээр Орост очиж ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Германы прокурорын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ илэрхийлсэн байна.

Эргэн сануулахад 8-р сарын 20-ны өдөр Томскоос Москвагийн чиглэлд зорчиж явсан Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, онгоцонд ухаан алдаж унасан юм. Онгоцны буудлын зоогийн газарт Навальный ганц аяга цай уусан бөгөөд тэр цайнд нь санаатайгаар хор хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Түүнийг байлдааны хордуулагч бодист хамаардаг “Новичок” хэмээх мэдрэл саажуулах бодисоор хордуулсан болохыг Германы цэргийн лабораториас тогтоосон юм.

Эх сурвалж: ВВС