Цаг үеийн мэдээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах зорилгоор 2020 оны 09 сарын 23-ны өдрөөс эхлэн үүдний хэсгүүддээ мананцар үүсгэж 1-2 секундэнд ариутгах ууран хөшиг, зайнаас халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянах камер, хяналтын дэлгэц зэрэг шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.  

Орчин үеийн технологийн дэвшилт болох зайнаас биеийн халууныг хэмжих камер нь хүний нүүрний хэсгээр хэт улаан туяагаар 4 метрийн зайд хүний биеийн халууныг хэмжих, биеийн хэм өндөртэй тохиолдлыг илрүүлсэнээр тус аппаратны дэлгэц хэсэгт автомат дохиолол асч, зургийг хадгалах зэрэг хүчин чадалтай бөгөөд энэхүү шинэ технологийг ашигласнаар сэжигтэй тохиолдлыг илрүүлэх болон халдварын үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.  

Тус эмнэлэгт дээрх тоног төхөөрөмжүүдийг суурилуулсанаар коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гар ажиллагаагаар иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг үзэх цаг хугацааг хэмнэн ажилчдыг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.