Цаг үеийн мэдээ

Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуун сухайт боомтоор 7000, Замын-үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх "С" төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг олгох хувиарлалтыг ЗТХЯ-наас баталгаажуулжээ. 

БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор нийт 264 аж ахуй нэгж байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд С зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлсэн байна. Үүний 258 аж ахуй нэгж байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгосон аж. 

ЗТХЯ-наас болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт шалгалтаар нийт 161 Аж ахун нэгж байгууллага хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдсэн байна.

АТҮТ ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон: "Бид дураараа энэхүү зөвшөөрлийг олгоогүй, олон төрлийн хяналт шалгалт хийж, тавьсан шаардлагыг хангасан байгууллагуудад зөвшөөрлийг олгож байна. Үүнээс гадна тээврийн жолооч нарын эрүүл мэнд, хэрэгцээг хангасан орчинг бүрдүүлсэн эсэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байна" гэв.

Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байлгах үүднээс "Тээврийн нэгдсэн систем" цахим программ нэвтрүүлжээ. Ингэснээр хувь хүн, албан тушаалтны механик ажиллагааг багасгаж, цаасан хэрэглээг халж, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт зэргийг шалгах боломж бүрдсэн байна.