Цаг үеийн мэдээ

Тусгай хэрэгцээт хүүхдийн хамран сургадаг ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн зарим багш нараас гаргасан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тушаал гаргаж, тус сургуулийн удирдлага, санхүү, сургалт, багшийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, удирдамжийн дагуу ажиллав.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг 116 дугаар сургуулийн удирдлагын манлайлал, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний мэргэжлийн хөгжлийн ур чадвар, үйл ажиллагаа, багш нарын харилцаа, ёс зүй, сургалтын орчин, хичээлээс гадуурх сургалтын ажилд үнэлгээ хийж, дүгнэлт гаргаснаа танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах уулзалтад тус сургуулийн удирдлага, хамт олон хүрэлцэн ирэв. Ажлын хэсгийн зүгээс багш нар, удирдах ажилтан тус бүрийн хариуцсан ажлын хэрэгжилттэй танилцаж, тус бүрд нь дүгнэлт гаргасан бөгөөд зарим зүйлд алдаа, дутагдал байгааг сануулж, ойрын үед засч сайжруулахыг зөвлөлөө. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу тус тусын ажил, үүргээ тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж ажиллахыг нийт багш, ажилчдад үүрэг болголоо.