Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ:

"Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна. Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн шилжинэ.

Шинэчлэлийг хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар очер дараалалгүй худалдан авдаг болох юм. Иргэн хүн даатгалын ач холбогдлыг ийм нөхцөлд л ойлгож ухаарч хүн бүрийн даатгуулах сонирхол нэмэгдэх учиртай. Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эмнэлгүүд стандарт үйлчилгээ болончанараар өрсөлдөж, иргэнд ээлтэй эрүүл мэндийн тогтолцоо төлөвших эхлэл тавигдах болно. Шинэчлэлийн хүрээнд эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулж стандартын шаардлага хангаагүй, өндөр үнэтэй хуурамч эмийн нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавьж зах зээлээс шахах арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэлээ.