Цаг үеийн мэдээ

ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албанаас Наран ижий заяа ТББ-тай хамтран "Боломж үргэлж байдаг..." уулзалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Хавдрын даван туулагч Ш.Ариунаагийн санаачлан байгуулсан Наран ижий заяа ТББ нь хөхний хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд өвчнөө даван туулахад нь туслах мэдээлэл, зөвлөгөөг хүргэх, сэтгэл санаагаар дэмжих төдийгүй хавдрын бай эмчилгээг ЭМД-д хамруулахын төлөө энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн дуу хоолойг төр засагт хүргэх зорилгоор дэмжигчдийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, гарын үсэг цуглуулах ажлыг сүүлийн сарын хугацаанд өрнүүлж байгаа юм. Өнөөдрийн уулзалт нь үр дүн сайтай, гаж нөлөө багатай боловч нэг удаагийн эмчилгээ нь хэдэн саяар хэмжигдэх өндөр өртөгтэй эмчилгээнээс амь нас нь шууд хамааралтай иргэдийн эрх ашгийн төлөө хавдрыг даван туулагчдын санаачлагыг дэмжиж зохион байгуулагдснаараа онцлог байлаа. Уулзалтад ХСҮТ-ийн захирал, удирдлагуудаас гадна хөхний хорт хавдар өвчнөө даван туулж буй эмчлүүлэгчид, асран халамжлагчид, үйлчлүүлэгчийг дэмжих албаныхан болон болон резидент эмч нар зэрэг 50 гаруй хүн оролцлоо. Уулзалтад ХСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, клиник эм зүйн албаны дарга Ж.Жавхлан, хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг, нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Цэнгэлмаа, цээжний хөндийн мэс заслын тасгийн хөхний мэс заслын эмч Б.Одбаяр, хоол зүйч Б.Шайрийбуу нар хөхний хавдартай эмчлүүлэгчдэд тулгамддаг асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгч оролцогчдын асуултад хариулан ярилцлаа. Цаашид ХСҮТ-д хавдрын даван туулагчдын хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг чадавхижуулах болон дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хавдрын бай эмчилгээг ЭМД-д хамруулж хорт хавдартай өвчтнүүдийг эдийн засгийн дарамтгүйгээр эмчилгээгээ хийлгэхийн төлөө тэмцэж буй даван туулагчдадаа амжилт хүсье.

Эх сурвалж : ХСҮТ