Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ОХУ-аас ачаа, бараа тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нарын хаясан хог хаягдлыг цэвэрлүүлэх, ачаа бараа буулгах явцад хорио цээрийн дэглэмийг сахих, халдвар хамгааллын хувцас хэрэгслээр бүрэн хангахыг анхааруулж, цаашид ачаа тээвэрлэж буй камазны жолооч нарт тогтоосон цэгт хог хаягдлыг хаях чиглэлээр үүрэг даалгавар өгчээ.

Мөн импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн ачаа буулгалтад хяналт шалгалт хийх явцад тээврийн хэрэгслийн жолооч нар амны хаалт зүүдэггүй, ачаа буулгагч нарын зарим нь халдвар хамгааллын хувцастай боловч амны хаалт зүүдэггүй, бээлий өмсдөггүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгч зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд зөрчил дахин давтагдвал хариуцлага тооцох болохыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байна.

Таны сурталчилгаа