Цаг үеийн мэдээ

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш (2020.10. 28) 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-ны өдөр товлогдсон ч  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 28-нд товлосон юм. 

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. 

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноосон билээ.