Цаг үеийн мэдээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг төрийн өндөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн эзэмшлийн “Сапфир стоун” ХХК-даа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нөлөөлсөн хэмээн буруутгаж, 2018 оноос АТГ шалгаж эхэлсэн байдаг.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд гэм буруутай хэмээн тооцож, Д.Дамба-очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулсан юм.