Цаг үеийн мэдээ

Олон улсын тээврийн форум /ITF/-ийн Тээврийн удирдах зөвлөлийн ээлжит 32 дахь удаагийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцлоо. Энэхүү хуралдаан нь Монгол Улс уг олон улсын байгууллагад гишүүнээр элсэн орсноос хойш зохиогдож буй анхны арга хэмжээ юм. 

Дэлхий дахинд бүх төрлийн тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий Олон улсын тээврийн форумыг 2006 онд анх байгуулсан бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын дэргэдэх байгууллага ажээ.

Монгол Улс уг байгууллагын 62 дахь гишүүнээр 2020 оны 7 дугаар сард албан ёсоор элсэн орсон билээ. Өмнө нь ажиглагч-түнш орны хувиар үйл ажиллагаанд нь оролцож ирсэн байна.

Олон улсын тээврийн форумын үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг гол арга хэрэгсэл нь ХБНГУ-ын Лайпциг хотноо жил бүр зохион байгуулдаг Чуулган болон Тээврийн сайд нарын уулзалт юм.

2020 оны арга хэмжээнүүд Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдоод байв. Энэ удаагийн Тээврийн удирдах зөвлөлийн хуралдаанаар байгууллагын үйл ажиллагааг онцгой нөхцөл байдлын үед хэрхэн зохион байгуулах, 2021 онд болох Тээврийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх асуудлын сэдвийг сонгож тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.