Цаг үеийн мэдээ

Засгийн газрын тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлтөд нийслэл хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана. Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьж буй.

Түүнчлэн төв, зүүн, өмнөд, баруун бүс болон Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон өрхийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.