Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 23-аар нэмэгдэж нийт тоо  578 болсон тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 337 нь буюу 58 хувь нь эдгэрсэн байгаа юм. Эдгэрч гарсан эдгээр хүмүүст ямар эмчилгээ хийсэн болоод архаг, хууч өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд биеийн байдал хэрхэн хүндэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Анх халдвар бүртгэгдсэнээс эхлээд олон улсын жишгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эмчилгээний удирдамжийн дагуу бид эмчилгээгээ хийж ирсэн.  Халдвараар батлагдсан тохиолдлыг эхний үед нь вирусийн эсрэг эмчилгээ хийдэг. Дөрвөн төрлийн вирусийн эсрэг эмийг хэрэглэж байгаа.

Харин хүндэрсэн уушгины хатгаатай уушгиндаа нэвчистэй байвал мэдээж антибиотик эмчилгээгээ хэрэглэж байгаа. Эмчилгээний үр дүн сайн байгаа.

Эмнэлгийн ор хоног бол 14-60 хоног байгаа. Дунджаар 28  хоног эмчлэгдээд гарч байна. Халдвар авсан хүмүүсийн 60-70 хувьд нь  эхний хэдэн хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй хөнгөн ирж байна." гэв.