Цаг үеийн мэдээ

Монгол Улсын төмөр замын салбарын 15 мянга 629 ажилтны 11 мянга 400-г нь коронавирусний шинжилгээнд хамруулсан талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “COVID-19” 2өөс сэргийллэх, бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр болсон байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замын салбарын удирдлагуудад дараах үүргийг өгчээ. Үүнд:

-Удирдах газрын 433 хүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах, төмөр замд ажилладаг 4229 хүнийг өнөөдөр, маргааш шинжилгээнд хамруулах  ажлыг яаралтай зохион байгуулах,

-Төмөр замчдаас ирж байгаа саналын дагуу ээлжийн ажилтай байгаа хүмүүсийг витаминжуулах, дархлаа сайжруулах эм бэлдмэл, бодисоор  хангах, хяналт тавих,

-Зангилааны удирдлагууд орон нутгийн Онцгой байдлын комисстой ойр, хамтарч ажиллах, шаардлагатай бол өдөрт гурван удаа мэдээлэл солилцож, шийдвэрлэх ажлаа ярилцах,

-Өрхийн орлого бага, амжиргааны түвшин доогуур төмөр замчин, түүний ар гэрт нь зангилаа, салбар байгууллага, тусламжийн комисс хэрхэн анхаарал хандуулж, яаж тусалж дэмжиж ажиллаж байгааг мэдээлэх,

-Эрээнд 14 хоногоор ажиллах агентуудад Замын-Үүд зангилаа дэм үзүүлэх, хувцас хунар, ариун цэврийн хэрэглэл, нийгмийн талаас нь сайн анхаарч, гэртээ байгаа юм шиг орчин нөхцлийг аль болох бүрдүүлж өгөх,

-УБТЗ-ын дэргэдэх Ахмадын холбоо, зангилаадын Ахмадын зөвлөлүүдтэй харилцаж, ахмадуудтайгаа холбоотой ажиллах, тэдэндээ тусламж дэмжэг үзүүлэх,

-Удирдлагын төвд ажиллаж байгаа диспетчерүүд анхаарал хандуулж, ажлын байранд нь агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийх, дархлаа сайжруулах бодис, бэлдмэл, халуун хоолоор хангах зэрэгт захиргааны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах,

-Баянтүмэн тасгийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нийг хүртэл хаасантай холбогдуулан, тэнд ажиллаж байгаа бага эмчийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай холбож өгч, ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийж байгаад анхаарал хандуулах,

-Сүхбаатар, Замын-Үүдийн конторын эрүүл ахуй, ялангуяа бичиг баримт задлах үед ихсэх тоосжилтыг бууруулах,  ариутгал, халдваргүйтлийг хэрхэн хийх зохицуулалтыг тодорхой болгох,

-Цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулах,

-Машинч нарыг вагонд байршуулахаар шийдвэрлэсэн тул сайжруулсан түлшээр галлах үед угаартах, утаа цохих, үүнээс болж янз бүрийн эрсдэл үүсэхээс сэргийлж, аюулгүй байдлыг хангах

Мөн Монголын төмөр замчдын үйлдвэрчний холбоо, салбар нэгжийн үйлдвэрчний холбоо, орон тооны болон орон тооны бус үйлдвэрчний байгууллагуудад хандаж, үйлдвэрчний байгууллагыг захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллахыг уриалав.