Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн анхны тохиолдлыг ХӨСҮТ өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд зарлаж, эдгэсэн хоёр иргэн маргааш нь эмнэлгээс гарч, сувилалд шилжсэн юм. Монгол Улс дахь коронавирусийн анхны эдгэрэлтийг бүртгүүлсэн тэдгээр иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд "Өдрийн сонин"-д ярилцлага өгснийг уншигчид та бүхэн санаж байгаа болов уу. Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д “Би үнэхээр азтай байлаа. Эх орон минь намайг түшээд авлаа” хэмээн тухайн үед ярьж байсан билээ. Түүнтэй дахин ярилцлаа.

 

-Нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Хатуу хөл хорионд орцгоолоо. Б айдал хурцадвал онц байдал ч зарлах хэмжээний юм яригдаад байна?

 

-Миний бодлоор одоогоор Засгийн газраас явуулж байгаа арга хэмжээнүүдийг зөв гэж бодож байна. Хүмүүс бүгд айдастай, нөхцөл байдал маш хүнд болчихлоо гэцгээж байна. Гэхдээ миний бодлоор нөхцөл байдал хүнд болсон уу гэвэл, үхэл эндэгдлийн тоо өндөр гараад эхэлдэг ч юм уу тийм байдалд орвол бид хүндэрсэн гэж үзэх ёстой байхгүй юу.

Бид одоо юу хийх хэрэгтэй, яагаад хатуу хөл хорио тавиад байна вэ гэхээр, тийм хүнд байдалд оруулахгүйн тулд, цар тахлыг хяналтгүй алдахгүйн тулд, барих гэж энэ дэглэмийг зарлаж байгаа юм. Хувь хүн ч бай, албан байгууллага ч бай, төрийн байгууллага ч бай дэг журмаа баримталсангүй, ёстой юмыг ёсоор нь хийсэнгүй, алдаа дутагдлаа нуугаад дардаг ч юм уу, тийм зүйл боллоо. Одоо бол алдсан алдаагаа ил тод хэлээд зарлаад засаад явъя гээд зөв шийдвэрээ дагах хэрэгтэй. Хувь хүн ч гэсэн хатуу хөл хорио 14-21 хоног байсан ч гэсэн тэрийг яг л мөрдөх ёстой.

 

 

 

Алдсан халдваруудынхаа тоог гаргаад авчихвал байдал өөр болно. Бид энэ хугацаанд дэлхий дахинаа юу болж байгааг байнга шахуу уншаад, хараад ямар улс яагаад цар тахлыг дотооддоо алдчихав гэдгийг мэдсэн.

 

 

 

Зарим улсууд эхлээд “Маск ерөөсөө хэрэггүй”, “Бид чөлөөтэй баймаар байна” гэж чөлөөт байдал хүсээд олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн хүртэл хийсэн. Тийм үйлдлүүдээсээ болоод алдсан шүү дээ. Эмнэлгийн байгууллагынх нь хувьд юу хүнд болсон бэ гэхээр, маш олноороо халдвар авчихсан хүмүүс нэгэн зэрэг эмнэлэгт очиход яалт ч үгүй хүчин чадал нь хүрэлцээгүй. Энэ бүгдийг бид мэдээллийн хэрэгслүүдээр хараад, уншчихсан учраас өөрсдөө тийм байдалд орохгүйн тулд хичээх хэрэгтэй. Тийм байдалд орохгүйн тулд л энэ хатуу хөл хориог тавьж байгааг бүгд ухаарах хэрэгтэй.

 

-Өнгөрсөн хавар коронавирусийн анхны эдгэрэлтийг та бүртгүүлж байсан шүү?

 

-Энэ өвчнөөр өвдөөд эдгэсэн анхны монгол хүмүүсийн нэг нь л байсан (инээв).

 

-Халдвар авсан хүмүүсийн тоо өдөр өдрөөр, хоног хоногоор нэмэгдээд байна?

 

-Энэ вирусээр халдварлагдаад эдгэсэн хүний хувьд ярихад, халдвар авсан хүмүүс өвдөхөөсөө илүү сэтгэлзүйн хувьд хүнд дарамттай байдаг.

 

 Ер нь халдварыг алдахгүй, маш сайн барьж чадсан ч дотроо алдах нөхцөл байсан шүү дээ. Сүүлийн хэдэн сар бүгд назгайрсан. Маск зүүж байгаа хүн байхгүй, албан газар, үзвэр үйлчилгээний газрууд сул чөлөөтэй байсан. Халдвар авчихсан, өвдчихсөн хүмүүсийг нийгмээрээ буруушаагаад, ямар нэгэн байдлаар дарамтлаад байж болохгүй. Тэр хүмүүс чинь өөрсдөө санаатайгаар тэр өвчнийг аваагүй. Санаатайгаар бусдад тараагаагүй. Өөрсдөө ч өвдсөнөө мэдээгүй байсан.

 

 Миний хувьд ч тэр шоконд орсон гэж ярьж байсан шүү дээ. БНСУ-д байхдаа халдвар, хамгааллын дэглэмээ маш сайн барьж, маск зүүж, бээлий өмсөж байсан мөртлөө яагаад өвдчихөв дөө гээд маш их шаналж байсан. Тэр тохиолдолд хүн чинь өөрөө өвдсөн гэхээсээ илүү, ойр тойрныхон, Солонгост байсан айлынхныгаа өвтгөчихөөгүй байгаа даа гээд маш их санаа зовсон. Бараг л ойртсон, уулзсан хүмүүс маань өвдчихөөгүй байгаа гээд үгээр хэлэхийн аргагүй шаналдаг юм билээ. Гэхдээ яахав надаас халдвар авсан хүн байгаагүй, хариу гарсны дараа л тайвширсан даа. Тэнд байхдаа хар өнгийн маск хоёр, гурван хайрцгийг авч нөөцөлж байсан юм. Тэгээд энд ирсэн хойноо “Маскны чанарыг яаж шалгах вэ” гэдэг зөвлөгөө байхаар нь тэр дагуу өнөө маскнаасаа зүүгээд шүдэнз асаагаад үлээсэн чинь шууд унтарчихсан. Тэгэхээр нь аптекаар зарж байгаа нэг удаагийн цэнхэр маскийг зүүж байгаад үлээсэн чинь шүдэнз унтраагүй. Тэрнээс “Маскны чанар маш сайн байх ёстой юм байна” гэж бодсон шүү. Хальс шиг л нимгэн муу маск байсан юм билээ. Чанартай маск зүүх хэрэгтэй юм байна, маскаа ойр ойрхон солих хэрэгтэй юм байна, гэхдээ энэ өвчнөөр өвдлөө ч эдгэж болдог өвчин юм байна аа гэж бодсон. Орчин үеийн анагаах ухаан энэ өвчнийг эдгээж чадаж байна. Энэ өвчнөөс биед үлдсэн урхагтай юм алга. Эв эрүүл, саруул тунгалаг болсон. Хамгийн гол зүйл бол эмнэлгийн байгууллага дээр хэт хүнд ачаалал үүсвэл эргээд эмнэлэг маань тэр ачааллаа даахгүй болно гэдэг том аюул байгаа юм. Та бид Итали улсын туршлагаас харсан шүү дээ. Сүүлдээ хөгшин настай хүмүүстээ эмчилгээ хийхгүй орхиж байсныг сонссон шүү дээ, энэ бол сэтгэл өвдмөөр. Эмнэлгийн ачаалал нь хэтэрсэн учраас тийм байдал руу орсон болохоос биш энэ өвчнийг дийлж чадахгүйдээ тэгээгүй. Эдгээж чадна, хүндэрсэн ч эдгээж чадна. Тийм болохоор бидэнд хичээгээд зүтгэх хэдэн сар л байна. Вакцин гартал халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад, маскаа сайн зүүгээд, гараа савандаж угаагаад эрүүл зөв хооллож, дархлаагаа дэмжээд, сэтгэл санааны хувьд тайван “Бүх юм болно, бүгдээрээ даваад гарна. Болно оо” гэсэн итгэлтэй, эрүүл сэтгэлзүйтэй байх шаардлагатай. Ийм байхад бид давж чадна аа.

 

-Та эмчилгээний үеэр болон тусгаарлалтад байхдаа сэтгэлээ хэрхэн тайвшруулж байв?

 

-(Инээв). Тусгаарлалтын өрөөнд байхдаа хүн ирж буй чимээнээр л маскаа бушуухан зүүж, бээлийгээ өмсдөг байлаа. Ном их уншсан. Гав ганцаараа байсан юм чинь. Юм унших, бичих гээд өөрийнхөө дуртай жижиг жижиг юмнуудаа хийж сатаарч байсан. Болж өгвөл өрөө жижиг ч гэлээ биеэ хөдөлгөж, дасгал хөдөлгөөн хийж байсан. Тэгэхгүй бол хэвтээд байвал эргээд тэрэндээ ядрахаар юм билээ. Тэгэхээр гэртээ байх хугацаандаа тодорхой хэмжээгээр дасгал хийж байвал зүгээр юм билээ. Стресстээд байвал шөнө нойр ч хүрэхээ байна.

Тухайн үед БНСУ-ын нислэгийг цуцлаад эх орон руугаа явах гэж байсан хүмүүс 21 хоног хэцүүдсэн шүү дээ. Тэр үед миний байсан айлынхан өглөө ажилдаа явчихна. Би өдөржингөө ганцаараа байдаг байсан. Тэгэхдээ би тэндхийн зурагтын нэвтрүүлгүүдийг их үздэг байсан. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал нь хүмүүстээ өгч байгаа мэдээ, мэдээллүүд нь бүгд эерэг байсан. Энэ өвчний тухай ярилаа гэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, тайлбартайгаар ярьж байсан. Уламжлалтын анагаах ухааны нэгэн эмч эрүүл мэндийн жижигхэн буланд зөвлөгөө өгч байгаа юм. Би хэлийг нь ойлгохгүй байгаа ч тэр эмч дархлаа дэмжих шөл яаж хийдгийг зааж өгч байсан. Тэр эмч өөрөө шөлөө хийгээд харуулж байгаа юм чинь.

 

-Сонирхолтой юм аа?

 

-Гадаад хүн ч тэр бичлэгийг хараад л дагаад хийж болохоор тийм ойлгомжтой тайлбарлаж байгаа юм. Эсвэл сурвалжлагч явж байгаад нэг байгууллага руу ороод “Энэ хүн түрээс төлөгчдөөсөө энэ сард төлбөр авахаа больж байгаа юм байна шүү” гээд сурвалжлага хийгээд танилцуулж байх жишээний. Нийгэмд зөв, эерэг уур амьсгалыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь өгдөг юм байна даа гэж харагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаараа нийгэмд маш том үүрэгтэй. Гэтэл одоо Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг харахаар төдөн хүн өвдлөө, төдөн хүн халдвар тараалаа гээд л, тэр хариуцсан том дарга нар нь ширүүн дориун загнаад л. Ерөнхийдөө их хүнд санагдаад байгаа юм, дээр хэлсэн Солонгосын жишээтэй харьцуулахад. Тийм эерэг нэвтрүүлгүүдийг хараад хэвтэж байхад хүртэл “Өө тэгдэг байх нь, ямар гоё юм, сайхан юм” гээд л сэтгэл их тайван байдаг юм билээ дээ.

Одоо миний санаа зовоогоод байгаа нэг зүйл байна. Яг халдвартай иргэдтэй тулж ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтнууд халдвар авч буйд маш их эмзэглэж байна. Монголчуудын ихэнх нь өнөө зун хөдөөгүүр аялж, нар салхинд гараад сайхан амарцгаасан. Гэтэл тэр эмнэлгийн ажилтнууд амраагүй. Бүтэн 7-8 сарын турш өдөр шөнөгүй ажилласан. 14 хоног ажиллаад, 14 хоног карантинлагдаад байнгын стресстэй нөхцөлд ажиллаж байсан шүү дээ. Эмч нар минь ядраад эхэлжээ, туйлдаж байна гэж иргэн хүнийхээ хувьд харж байна.

 

-“Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас асуудал үүсч, тус сувиллыг хааж тусгаарлагдаж байсан иргэдийг зөөвөрлөсөн. Та тэр сувилалд тусгаарлагдаж байсан байх аа. Тухайн үед дэглэмээ чанд баримталж байсан байх. Сүүл рүүгээ нэлээд назгайрсан талаар юм дуулдсан шүү?

 

-Би чинь “Энхсаран”-д тусгаарлагдаж байхдаа хүний хөлийн чимээ дуулдав уу үгүй юу шууд л маскаа аваад зүүчихдэг тийм өндөр хамгаалалттай байсан байхгүй юү. Өрөөнөөсөө толгойгоо ч цухуйлгадаггүй. Хоолоо авахдаа аягаа нэг жижиг шүүгээн дээр л тавьдаг, тийм хэмжээний дэглэмтэй байлаа.

Түүнээс биш сая дуулдсан шиг тийм замбараагүй юм үнэхээр байгаагүй. Сүүл рүүгээ зөвхөн тэр сувилал гэлтгүй бүгдээрээ суларсан л даа. Гайгүй болчихлоо гэж бодсон уу, яав. Одоо бүгдээрээ алдаагаа засаад л цаашаагаа явах хэрэгтэй.

 

-Танд өвчний шинж тэмдэг харьцангуй багавтар илэрсэн гэсэн. Илрэхдээ жирийн ханиад хүрсэн мэт мэдрэгддэг гэсэн?

 

-Ирэхийн урьд өдөр, нислэгтэй өдөр л толгой жаахан өвдөөд, хоолой бага зэрэг хөндүүртэй байсан. Өөр ямар ч шинж тэмдэг байгаагүй. Ядраад л толгой өвдөж байна даа гэж бодож байснаас биш халдвар авчихлаа гэж бодоогүй. Өөрөөр бие хаа өвдөөд өндөр халуурсан юм байгаагүй. Одоо бодоход хөнгөн хэлбэрээр өвдсөн юм билээ. Харин ч би эмнэлэгт хэвтээд, эмч нар маань маш сайн анхаарсанд азтай хүн шүү. Гэхдээ би хагалгаанд ороод удаагүй, дархлаа муутай байсан учир тэгж эмчлүүлээгүй бол хүндэрчихэж ч болох байсан юм билээ.

 

-Та эмнэлэг, тусгаарлалтад байхдаа дархлаагаа дэмжих зорилгоор юу юу идэж, ууж байв. Ямар хоол голчлон өгдөг юм байна?

 

-Шингэн зүйл сайн ууж байсан. Шөлтэй хоол л ихэвчлэн иддэг байсан. Витамин С, чацарганы шүүс түлхүү ууж, хэрэглэж байсан. Тусгаарлалтад байхдаа сувиллын газар байсан учраас үдээс хойш агаарт гарч, алхдаг байсан л даа.

 

-Та бол энэ аюулт вирусийг даваад гарчихсан хүн. Бие болоод сэтгэл зүйн хувьд дархлаатай болсон гэдэг тань ярианаас тань анзаарагдаж байна шүү. Та нийт монголчууддаа, энэ цар тахлаас болж сандарч тэвдэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө, сэтгэлийн дэм өгөх вэ?

 

-Баярлалаа. Өвдсөн хүмүүстээ хэлэхэд “Эдгэнэ ээ. Эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй”. Бид нар бүгдээрээ мэдэж байгаа өнөөдрийн байдлаар (өчигдрийн байдлаар) 470 гаруй хүн өвдсөнөөс 330-аад хүн нь эдгээд бусад хүмүүс нь эмчлэгдэж байна. Өөрийгөө болон хэн нэгнийг битгий буруутга, энэ чинь халдварт өвчин шүү дээ. Эхлээд айж ичиж, ганцаардаж, хэцүү л байдаг юм байна лээ. Анхандаа миний нойр хүрэхгүй ядраад хэцүү байсан, нойрны эм хэрэглээд гайгүй болж байлаа. Гадны улсуудын ерөнхийлөгч, нэртэй алдартнууд нь ч хүртэл өвдсөн, хөл хорионд орсон, эдгэсэн гээд л ил тод танилцуулаад байна. Өвдсөн хүмүүс нь буруутай юм шиг, хэрэгтэн юм шиг хандаж тэр хүнээс болж халдвар гарсан мэт яриад байвал хүмүүс улам л халдвараа нууж, улам л вирус тарах эрсдэл үүсч болно шүү. Гэтэл тэр гадны алдартай хүмүүс өөрсдийгөө ил тод хэлж байгаа нь нийгэмд хэн ч өвдөж болно, энэ хэний ч буруу биш, цагт нь шинжилгээгээ өгөөд, өөрийгөө тусгаарлаад, эдгээд гараад ажлаа хийгээд явж байна аа гээд зөв талаас нь харуулж байна гэж би бодож байна.

Тийм болохоор одоо өвдсөн байгаа хүмүүстээ дахиад хэлэхэд эдгэнэ ээ, гэхдээ хугацаа бол орно шүү. Нэлээд удаан хугацаанд хорионд байна. Учир нь эдгэсэн ч, зовиургүй байсан ч биеэс вирус бүхэн арилтал, халдвар тараахгүй болтлоо тусгаарлагдана. Эдгэсэн бүх хүмүүс үүнийг давсан гарсан байгаа. Та эдгэнэ ээ, бүх зүйл сайхан болно. Эрүүл ахуйн дэглэмүүдээ сайн сахиж, гараа тогтмол угааж, сайн хоолоо идэж, сайхан юм бодоорой. Эмнэлэгт байх үед ойр дотны хүмүүс маань сэтгэл санаагаар маш их дэмжиж байсан. Миний хувьд гэр бүл, ээж, үр хүүхэд, найз нөхдийн маань байнгын сэтгэлийн дэмжлэг байгаагүй бол их хэцүү байх байсан гэж боддог юм. Нийт монголчууддаа хандаж хэлэхэд, бүгдээрээ хичээж халдварын тархалтаа барьж, намдаагаад шинэ жилээ ковидгүй угтацгаая аа гэж хэлье.

 

 

 

Эх сурвалж: "Өдрийн сонин"