Цаг үеийн мэдээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал  /НИТХ/-ын цахим хуралдаан өнөөдөр /2020.11.27/ болж байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс цахимаар 19 хүн оролцож байгаа бол 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр  57 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ.

“COVID-19” халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар "Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр тутмын бэлэн байдал,  өндөржүүлсэн бэлэн байдал гэсэн хоёр бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд Засгийн газраас  дотооддоо халдвар алдахгүйгээр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зохицуулалт шийдвэрүүдийг  гаргаж ирсэн. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах, 14 хоногийн гэрийн хориог цуцлах хүсэлт их ирж цуцалсан.

Ингэснээр өдөр тутмын бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Үүнээс улбаалан цар тахлыг дотооддоо алдах нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд хамрагдсан 3530 ААН-үүдийн 96 хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд, том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа

Эдийн засаг хүндхэн байгаа учраас жижиг том гэлтгүй ажлын байр хадгалж буй ААН-ийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн  засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Ер нь засгийн газар огт ажил хийгээгүй гэж ойлгож болохгүй.

Бүх байгууллагууд тодорхой хэмжээгээр хяналт тавьж ирсэн. Харамсалтай нь 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах  асуудлыг сөрөг хүчнээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах,  хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан.

Хаа, хаанаа хариуцлагагүйн улмаас халдварыг дотооддоо алдсан. Иргэд ААН-үүдээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана.

Харин 12 дугаар сарын 1-нээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа. Бодлогоо боловсруулсан, нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх талд анхаарна. ААН-үүд ажиллаж байж л иргэд орлоготой байна” гэлээ.