Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өгөв.

Нийслэлийн засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэлийн хөдөлгөөний хөл хорио хэвээр үргэлжилж байна. Нийслэлийн зарим голомтоос шинээр халдвар авах эрсдэлтэй тул гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалахын төлөө хөл хорионыхоо дэглэмийг мөрдөж, гэртээ байна уу. Засгийн газар, НОК-оос иргэдийн аж амьдралыг тогтвортой байлгах, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахаар судалж байна. 

Мөн Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. Маш яаралтай аргагүй нөхцөл гэж үзвэл PCR шинжилгээнд хамруулж, шинжилгээний дүн  сөрөг гарсны дараа наашаа нэвтрэх боломж бүрдэнэ.

Засгийн газар, НОК-оос хөдөө орон нутгийн иргэдийг хотоос гаргах, хотын иргэдийг хөдөө орон нутаг руу гаргах журмыг удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Энэ журам хэрэгжих хүртэл хөл хорионы дэглэмээ сахихыг анхааруулж байна. Нийслэлээс гарах, орох хөдөлгөөн хориотой хэвээр байгаа гэдгийг дахин анхааруулмаар байна" гэв.