Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан БХЯ болон түүний харьяа байгууллагууд, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид Баянзүрх хайрханы энгэрт 20 мянган гаруй шинэс мод тарилаа. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Чинагийн Галсан” сантай хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх энэхүү сайн үйлсийн аянд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал болон Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагууд, МУСГЗ, зохиолч Ч.Галсан нарын хүмүүс оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээлтийн үеэр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жил бүр мод тарьж хэвшсэн, тарьсан модоо ч эргэж тойрч усалдаг хариуцлагатай хэмээн тодотгоод Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудад “Экологийн анги” хэмээх шинэ төсөл хэрэгжүүлэх болсон талаараа дурдлаа. Өөрөөр хэлбэл, ажлын байрныхаа орчин тойронд агаарын бохирдлыг бууруулж, эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор технологийн дагуух зүлэгжилт, технологийн дагуу тарьсан мододтой экологийн хотхон болгох зорилго тавьжээ.
Мөн энэ үеэр МУСГЗ, зохиолч Ч.Галсан “Цэргийн алба хаагчидтай яг л 12 жилийн өмнө өнөөдрийнх шиг олон мянган мод тарьж байлаа. Одоо тэр тарьсан мод маш үзэсгэлэнтэй ой болсон байна” хэмээгээд цэргийнхэн байгаль орчноо арчилж, моджуулж, ойжуулахдаа бусад салбарыг тэргүүлэгч хамт олон гэж тодотгосон юм. Тэрээр өөртөө 1 сая мод тарина гэж амлалт өгч байсан, амлалтаа бараг биелүүлэх дөхсөн байна. Мэдээж сая гэдэг бол лут тоо. Монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог. Энэ ойлголтоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо арван мянган ой буюу нэг сая мод тарьж байна гэлээ.
Үүний дараа "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү шинэс мод тарих дарааллыг танилцуулж, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдад тарааж өгөөд уулархаг бүсэд мод тарихад ургах магадлал их өндөр. Учир нь чийгтэй бас нарны тусгал сайтай гэдгийг онцолж байсан юм.
БХЯ болон түүний харьяа байгууллагууд, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид ногдсон талбайдаа зааврын дагуу модоо тарьсан бөгөөд тэдний хамгийн залуу нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд ахлагч Г.Мөнхжаргал, Б.Гантогтох нар байв. Тэд 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагаад ахлагчийн албанд улирсан залуус юм.
Ташрамд дурдахад, шинэс нь жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй бөгөөд 150-200 жил насалж, 15-45 метр өндөр ургадаг, сүрлэг оройтой мод юм.
Ахлах дэслэгч Д.Болор