Цаг үеийн мэдээ

Европын холбоо ОХУ-ын хийн төлбөрийг рублиэр төлөх асуудалд нэгдмэл байдлаа хадгалж чадахгүй байна. Газпром компани Польш, Болгар руу нийлүүлэлтээ зогсоосон. Тэдгээрийн араас Финлянд, Эстон улсууд рублиэр төлөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Харин Унгар улс төлбөрийн шинэ журмыг зөвшөөрсөн бөгөөд Австри, Германы компаниуд үүнийг нухацтайгаар авч үзэж байна. Европын Комисс тэдгээр улсуудад хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлээд байгаа юм.  Оросоос байгалийн хий худалдаж авахтай холбоотой Европын хагарал улам бүр нэмэгдэж, эрчим хүчний импортын асуудлыг ЕХ-ны түвшинд шилжүүлэхэд хүргэж болзошгүй юм.  

Bloomberg-ийн мэдээлснээр Европын арван компани үүнийг аль хэдийн зөвшөөрч, дөрөв нь рубльд хөрвүүлсэн мөнгөө шилжүүлсэн байна. 

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто 4-р сарын 27-нд тус улс уг схемийг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн.  

"Манай байгалийн хийн нийлүүлэлтийн 85% нь Оросоос, газрын тосны 65% нь Оросоос ирдэг. Яагаад гэвэл энэ нь дэд бүтцээр тодорхойлогддог. Энэ нь зугаа цэнгэлийн төлөө биш, бид нөхцөл байдлыг сонгоогүй" гэж Сийяарто CNN-д ярьжээ.

Мөн тэрээр Унгарт өөр эх үүсвэр, зам байхгүй, энэ нь ойрын хэдэн жилд Оросын эрчим хүчийг импортлохоос татгалзах боломж олгохгүй гэж хэлжээ.

Австрийн OMV компани Газпромын хийн төлбөрийг рублиэр төлөх хүсэлтэд анализ хийсэн бөгөөд ЕХ-ны хориг арга хэмжээнд нийцэх "шийдвэр дээр ажиллаж байна" гэж мэдэгдсэн.  Германы Uniper компани "хориг арга хэмжээний хууль тогтоомж, Оросын засгийн газрын тогтоол 2-ын дагуу төлбөрийг хийх боломжтой гэж үзэж байна" гэж мэдэгдсэн бөгөөд тус компани одоо Газпром болон Германы засгийн газартай энэ асуудлаар хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэн.  Хорватын Prvo Plinarsko Drustvo (PPD)  компани Газпромтой хийсэн урт хугацааны хий нийлүүлэх гэрээг "хоёр тал тогтоосон журмын дагуу дагаж мөрдөж байгаа" гэж мэдэгдсэн.  Словенийн Geoplin компани ханган нийлүүлэгчтэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  Данийн Orsted  компани Оросын хийн төлбөрийг рублиэр төлөх бодолгүй байна гэсэн өмнөх мэдэгдэлдээ үнэнч байгаагаа мэдэгдсэн. 

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Газпром компани Польш, Болгар руу газрын тос шахахаас татгалзсаныг бас нэгэн өдөөн хатгалга гэж нэрлэжээ.  "Кремль эрчим хүчний нөөцийг шантаажинд ашиглаж байгаад гайхах зүйл алга" гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Коммерсант, BBC