Цаг үеийн мэдээ

Нууцлаг гепатит вирус бага насны хүүхдэд халдварласан 300 орчим тохиолдол дэлхийн 20 улсад илрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.

Энэхүү элэгний шинэ вирус анх Их Британид илэрч байсан юм. Одоогоор халдварын тохиолдлууд дотроос нэг эндэгдэл бүртгэгджээ. Тохиолдлуудын ихэнх нь Европ тивд илэрсэн бол Америк тив, Номхон далайн бүс нутаг, Зүүн Өмнөд Азид хэд хэд бүртгэгдсэн байна. Халдварын анхны тохиолдол Шотландад 10 орчим настай хүүгээс илэрч байжээ. Үүнээс хойш Их Британи даяар 140 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тэдгээрийн ихэнхэд нь элэгний бага зэргийн үрэвсэл ажиглагдсан бол 10 хүүхдэд нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ. Халдвар авсан хүүхдүүдэд бөөлжих, суулгах, арьс, нүдний цагаан хэсэг шарлах шинж тэмдгүүд илэрсэн байна. Элэгний A, B, C, D, E вирусүүд халдварласан тохиолдолд хүүхдүүдээс ийм шинж тэмдэг илэрдэггүй. Коронавирусийн цар тахлын дараа ердийн гепатит вирус идэвхэжсэн байж болзошгүй гэсэн таамгийг зарим судлаачид дэвшүүлжээ. Тухайлбал цар тахлын үед олон нийтээс тусгаарлагдсаны улмаас гепатит вирусийн халдвар аваагүй байсан хүүхдүүдийн дунд тархалт нэмэгдсэн байж болзошгүй гэнэ.  Нууцлаг вирусийн тархалтын шалтгаан, үүсгэгчийн судалгаа үргэлжилж буйг ДЭМБ мэдээлжээ.