Цаг үеийн мэдээ

Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг төсвийн хэрүүл болон өрнөж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын өндөр бооцоот  халз тулаан болж байгаа. Гишүүн Ц.Даваасүрэн шууд довтлон, шулуун цохилтууд хийж эхэлсэн. Хөгжлийн банкны өрөнд улс баталгаа гаргах, Чингис хаан банканд байршуулаад авч чадахгүй байгаа 40 тэрбум, дүүгийнхээ ББСБ-аар Бичил санхүүгийн зээл авсан зэрэг сэдвээр ширүүн цохилтуудыг угсруулан буулгасан. Сангийн сайд хэсэг нүдүүлсний эцэст сөрөг довтолгоонд орлоо. Дээд тал нь 60 сая доллароор барих Дарханы арьс ширний үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г 160 сая еврогоор хийх болгож 2-3 дахин нэмсэн, 103 сая долларын зээлд нь Засгийн газрын баталгаа гаргуулахыг санаархаж байгаа, үүнийг нь зөвшөөрөхгүй, өөрийнхөө сонгуулийн менежер, улс төр судлаач Ц.Гансүхийг захирлаар нь томилуулсан гэж хэллээ. Ц.Даваасүрэн “Би томилуулаагүй” гэж хэлсэн үү? 

Үгүй, бүр бандан тас. Би УИХ-аас энэ бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа. Ц.Гансүхийг даргаар нь тавиулсан нь үнэн. Яагаад гэвэл төслийг амжилттай явуулъя гээд”… 

Улс төр судлаач хүн арьс шир судлах уу? Арьс ширний үйлдвэрийн том төслийг улс төр судалж хэрэгжүүлэх үү? УИХ-ын гишүүн төрийн өмчит компанийн захирлыг томилох эрхтэй юу? гэх мэт сонин асуулт эндээс урган гарч, мэргэжил эзэмшигч бус цүнх баригчдын ээлжит нэг томилгоо энэ хэрүүл зодоон дундаас ил боллоо.

Ц.Даваасүрэн гишүүн хариуд нь Б.Жавхлангийн “Дархан минж” ХХК-тай хэрхэн холбогддог баримтыг дэлгэлээ. “Дархан минж” компанийн захирал Анхболд, Сангийн сайд Б.Жавхлангийн “Долоон болдог” компани хоёр “Премьер инвестмент” группийг хамтарч эзэмшдэг. Дарханд итали технологийн үйлдвэр баригдчихвал найзынх нь, өөрийнх нь зээл авч өгдөг компанид харшилна гэж үзээд Засгийн газрын баталгаа гаргахгүй юм байна. Италийн тал 160 саяын үнийн санал ирүүлсэн, бид үнэтэй байна гэж хэлсэн, 90 сая евро болохоор байна, би бол баталгааг мэдэхгүй гэж хэллээ. 

“Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбор” гэж хувийн төслийн яг хажууд “Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалт” буюу бүтээн байгуулалт гэдэг хоёр үг нэмээд төр үйлдвэр байгуулах болсон. Нэг талаас Хөгжлийн банкнаас 16 тэрбумын зээл авсан хувийн хэвшил нь 42 тэрбумаар цахилгаан, цэвэр, бохир усны шугамаа 95 хувь татчихсан гэх. Нөгөө талаас маш бага ажил хийчхээд 42 тэрбум төгрөг нэхэж байгаа гэх. “Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбор” хэмээх хувийн компанийн Энхбаяр нь Хөгжлийн банканд ажиллаж байхдаа өөртөө зээл авч, бусад хувийн хэвшлээ өрөнд оруулсан гэх. Ц.Даваасүрэн гишүүн “Мэргэжлийн бус улсууд очоод л за юу, аймаар хүчин чадлаас давчихсан, тооцоо судалгаа муутай асар их мөнгө хийх гээд оролдсон юм байна лээ” гэж хувийн хэвшлийг шүүмжилж байна. Төрийн компанийн захирлаар өөрийнх нь тавьсан Ц.Гансүхийн арьс шир судлаач биш улс төр судлаач мэргэжил нь тохирох хэрэг үү? 

Ер нь төр ба хувийн хэвшил хоёр түншлэх юм уу, өрсөлдөх юм уу? Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй гээгүй бил үү? гэх зэргээр гурвалжин дөрвөлжин хэрүүл маргаан өрнөж байна. Улс төрчид нүүрний арьсаа хэчнээн ширлэвч, улс даяараа хэчнээн хэрэлдэвч монгол малын буян арвижихгүй юм. Итали мэтийн орчин үеийн технологиор арьс ширний үйлдвэр босгож чадвал жилдээ 200 сая доллар олох боломжтой гэж үзэж байна. 

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөлийн хүн бүрийг надтай холбож болохгүй, Монголын 10 хүний 1 нь Хөвсгөлийнх гэсэн бол Сангийн сайд Б.Жавхлан санхүү, эдийн засгийн мэргэжилтэн бүхэнтэй намайг хардах хэрэггүй гэсэн байна.