Цаг үеийн мэдээ

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ”-гийн тусламж хариуцсан мэргэжилтэн Др.Кьюнг, ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн “Ногоон гэрлийн хороо”-ны дарга Др.Флиппе, тус хорооны гишүүн Др.Хоан нар энэ сарын 18-22-нд Монгол Улсад ажиллаж байна.

Номхон далайн баруун бүсийн “Ногоон гэрлийн хороо” нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээний хэрэгжилтийг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байгууллага юм.

Тус хорооны төлөөлөгчдийн баг манай улсад ирж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд энэ удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн зөвлөгөө өгч ажиллахдаа уг өвчний тусламж, эмчилгээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, ДЭМБ-ын шинэчилсэн зөвлөмжийн дагуу богинын горим буюу зургаан сарын хугацаанд эмчлэх арга зүйг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, нөхцөл байдалтай танилцах зорилготой юм.

Тэд энэ удаа ХӨСҮТ, СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллан олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулж, богино хугацааны эмчилгээний шинэ горим, оношлогоо, хяналт, эрт илрүүлэлт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулна.