Цаг үеийн мэдээ

Төрийн өндөр дээд одон, медаль хүртссэн шагналтнуудын сэтгэдлийг сонслоо.

Г.ЦОГТ: МОНГОЛЫН ТӨР ӨНДӨР ХИШГЭЭ ХАЙРЛАЖ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫГ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт: Монголын төр, түмэн олон өндөр хишгээ хайрлаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртээж байна. Миний бие монголын уул уурхайн салбарт 33 жил зүтгэлээ. Үүнээс 28 жил нь Монголын алт компанид ажиллалаа. Энэ жил манай компанийн 30 жилийн ой тохиож байна. Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалтыг манай хамт олон гардан бүтээсэн. Дэлхийн тэргүүний техник технологийг монголдоо нутагшуулаад, монгол хүн монгол залууст түүнийг эзэмшүүлэхэд манай компани идэвхтэй сайхан ажилладаг нь бахдалтай байдаг. Орон нутгийн төсөв улсын эрднэсийн сан хөмрөгийг баяжуулахад манай компанийн үүрэг роль өндөр байдаг. Энэ бүх амжилт ололтыг Монголын төр үнэлж, өнөөдөр намайг төлөөлөл болгон энэхүү шагналаар шагнаж байгаа гэж бодож байна. МАК-ийг үүсгэн байгуулсан Нямтайшир захиралдаа, Хулан эгчдээ нийт компанийнхаа хамт олонд, монголын ард т үмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Г.ГАН-ЭРДЭНЭ: ӨӨРТЭЙГӨӨ ӨРСӨЛДСӨӨР ИРЛЭЭ

Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 73 дахь их аварга Г.Ган-Эрдэнэ: Энэхүү түүхэн өдөр Гавьяат тамирчин цол хүртсэндээ баяртай байна. Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч өөрөө байдаг. Өөрөө өөрийгөө ялан дийлж байж амжилтад хүрнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байдаг. Тиймдээ ч өөртэйгөө өрсөлдсөөр ирлээ. Тэр л өдийг хүртэлх явах замыг минь засч өгсөн болов уу. Ерөнхийлөгч “Баяр хүргэе. Дахин улам хичээгээрэй. Хөдөлдмөрийн баатар болтлоо хичээгээрэй” гэсэн. Аав ээждээ, ханьдаа, өдийг хүртэл намайг хурцалж ирсэн дэвжээний багшдаа баярлалаа.

Р.ДАВААЖАВ: МОНГОЛЫН ХӨӨМИЙ ДЭЛХИЙД ТҮГЭХ БОЛТУГАЙ

Соёлын гавьяат зүтгэлтэн, Ховд аймгийн хөгжимт драмын театрын хөөмийч, Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Даваажав: 57 жил хөөмийлж өнөөдөр төрдөө үнэлүүлсэнд баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа. Бурхны орноос харж байгаа байх. Сайхан ханьдаа баярлалаа. Монголын хөөмий дэлхийд түгэх болтугай. Монголын хөөмий дэлхийд дэвжин мандаж, өөдлөхийн ерөөл тавья. Өргөн олон монгол даяараа эрүүл энх, саруул сайхан, амар амгалан байхын ерөөлийг өргөе. Нутгийн зон олондоо тэгш дүүрэн заяа ивээхийн ерөөлийг дахин дэвшүүлье. 

Д.ОТГОНЖАРГАЛ: ӨНГӨРСӨНД БАЙСАН, ОДОО БАЙГАА, ИРЭЭДҮЙД БАЙХ ТЭР БҮХ ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЯРЛАЛАА

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонжаргал: Маш их хичээсэн. Цаашид ч улам хичээхгүй бол болохгүй юм байна. Залуу уран бүтээлч болохоор намайг дэмжиж урам зориг өгч байгаа юм байна. Уран бүтээлүүдийг минь үргэлж сонсож, дэмжиж байдаг хүмүүс бол миний үзэгч, сонсогчид байдаг. Тэдэндээ одоо байгаагаасаа илүү чанартай, илүү хөдөлмөр шингэсэн, сэтгэл шингээсэн бүтээлүүдээрээ насан туршдаа бэлэг барих нь миний хамгийн том эрхэм зорилго юм байна гэж дотроо бодсон. Өнгөрсөнд байсан, одоо байгаа, ирээдүйд байх тэр бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. 

Дуучин болно гэхэд манайд дуулдаг хүн байдаггүй. Гэхдээ манай аав бага залуудаа дуулдаг байсан юм билээ. Би арван жилд байхдаа гадны гоё гоё дуучдыг сонсож, гэртээ хүн байхгүй үед дагаад дуулахаар надад болоод байгаа юм  шиг санагддаг байсан. Яг өөрөө өөртөө итгэж дуучин болохоор зорьсон. Миний гурван авга ах маш их дэмждэг. Манайхан шал өөр мэргэжлээр намайг явуулна гэж зүтгүүлдэг байсан. Эцсийн дүндээ хүн өөрөө өөрийнхөө хүсэл эрмэлзэл, өөрөө өөрийгөө гэсэн итгэлээрээ, өөрийнхөө дуртай зүйлээ хийж аз жаргалаа мэдэрдэг. Аз жаргал мэдэрдэг тэр ажлаа хийх нь хамгийн чухал юм байна гэдгийг амьдрал дээрээ өөрөөрөө батлаад зогсож байна.

2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгсөөд, “Ижийдээ бичсэн захидал” хэмээх дууг өөрийнхөө ээждээ зориулж хийсэн хамгийн анхны уран бүтээл минь байсан.  “Ижийдээ бичсэн захидал” дууг минь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт Шарав багш минь аялгууг нь зохиож өгсөн. МУСГЗ, дууны яруу найргийн нэрт мастер З.Түмэнжаргал үгийг нь зохиосон. Миний хамгийн анхны уран бүтээл ийм гайхалтай хүмүүсийн бүтээлээр гараагаа эхэлж байсан. Хоёр дахь уран бүтээл мөн л  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт Шарав багшийн минь хөгжим, яруу найрагч Өлзийтөгс эгч минь зөвхөн надад зориулж бичиж өгсөн “Өнө мөнх орон” гэх эх орны тухай дуу байдаг.  Миний уран бүтээлүүдийн дийлэнх хувь нь эх орны болон ээж аавын тухай дуунууд эзэлдэг. Хамгийн сүүлд хийсэн эх орны тухай дуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн шүлэг, МУСТА хөгжмийн зохиолч Жанцанлхамба ахын минь хөгжим “Эх орон танаа” гэсэн сайхан дууг өнгөрсөн жил өлгийдөн аваад, симфони оркестр тоглоод, клипний зураг авалтыг маш гайхалтай хийсэн. Энэ дууг минь та бүхэн сонсвол монгол хүн болж төрсөн баяр бахдал, цэнгэл жаргалыг энэ дуунаас олж авна гэж хэлэхэд баяртай байна.  

С.ОТГОНБАЯР