Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологджээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн 33 жилд ямаан сүргийн эзлэх хувь 18.3 хувиар нэмэгдсэн ч өмнөх онтой харьцуулахад 0.7 хувиар буурчээ.

Малын төрлөөр өмнөх онтой харьцуулахад хонь 3.3 сая (10.2%), ямаа 3.0 сая (10.7%), үхэр 164.3 мянга (3.0%)-аар тус тус буурч, адуу 6.9 мянга (0.1%),  тэмээ 3.4 мянгаар (0.7%) өссөн байна. Тэгвэл малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурлаа. Үүнийг малын тоогоор бүлэглэж үзэхэд 1000-аас дээш малтай өрх 3.3 мянгаар буурч, 50 хүртэлх малтай өрх 3.9 мянга, 51-200 малтай өрх 2.2 мянгаар өссөн байна.

Нийт мал сүрэгт:

• Адуу 4.8 сая буюу 7.5 хувь

• Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь

• Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь

• Хонь 29.4 сая буюу 45.5 хувь 

• Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.

2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:

• Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал

• Төв аймаг 4.9 сая толгой мал

• Архангай аймаг 4.8 сая толгой мал

• Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал

• Хэнтий аймаг 4.4 сая толгой мал

Орхон, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн малын тоо өмнөх оноос 5.4-352.6 мянгаар өссөн. Харин Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Говь-Алтай, Төв, Дорнод, Баян-Өлгий, Булган, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймаг болон Улаанбаатар хотын малын тоо өмнөх оноос 14.4 мянгаас 1.0 саяар буурчээ.