Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Сутай хотхоны 10 давхар барилгад гал гарч 7 хүн амь насаа алдсан. Уг хэргийн дуудлага мэдээлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн байдаг. Галыг Нийслэлийн аврах гал унтраах 14 болон 10 дугаар анги унтраан ажилласан байдаг. Энэ үеэр Хан-Уул дүүргийн аврах, гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, 27 настай залуу угаартан амиа алдсан билээ. Тиймээс аврагчдын хувцас хэрэглэлийн хангалт, хорт утааны баг, аппаратын талаар сурвалжиллаа.

Эхлээд гал гарсан барилгыг зорин очив. Барилга Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд бидний ярьж заншсанаар Говь үйлдвэрийн баруун хойно байрлах ажээ. Зам нь маш нарийхан, хоёр машин зөрөхөд хүндрэлтэй орц, гарц муутай газар болох нь харагдав. Гал унтраах болон цагдаа эмнэлгийн олон машин зэрэг ороход хүндрэлтэй, зогсоолгүй байв. Говийн замаасаа салаад тэрхүү нарийн замаар бараг 500-гаад м яваад, гал гарсан байрны гадаа ирлээ. Энэхүү барилга руу очиход явган бол автобусны буудлаасаа бараг 1 км орчим зайтай юм. Хоёр орцтой 10 давхар барилга угтлаа. Гаднаас нь харахад зургадугаар давхраас доошхи цонхоор галын машины ус цацсан ором үлдэж, цонхнууд нь гадна талаасаа мөс тогтон бүрэн хөлджээ. Давхрын цонхнуудыг хагалж, галыг унтраахаар ус цацсан харагдана.

Хойд талын орц руу хоёр хүн юм зөөсөөр орохоор алхаж байлаа. Хаалгыг нь онгойлгож өгөнгөө гал гарсан орц мөн болохыг тодруулаад хамт дотогш оров. Байрны хаалга нь ямар нэгэн чип, кодгүй онгорхой байдаг гэнэ. Үүдэнд байрны оршин суугч бололтой хоёр настайвтар эмэгтэй ярилцан зогсож байв. Шууд гал гарсан газрыг үзэхээр дээш шатаар өгслөө. Үүдээр ороход л угаар үнэртэж, хүмүүсийн гишгэсэн гутлын мөр хөө болон үлдсээр дээр дээрээсээ давхралдан халтартаж, орц хонгил тэр чигтээ хөөн мөртэй харлан харагдана. Шат, орц, хонгил бүгд харлан, хүмүүсийн мөрөөр халтайна. Нэг давхрын шатаар өгсөхөд хүний хөл гишгэсэн мөрөөр хөө зурайн үлджээ. Дээш өгсөх тусам тортог хөө тодорсоор 4 давхар тэр чигтээ хана, тааз, шал бүгд нилдээ хар болсон байна. Гал гарсны улмаас орцны тог зарим давхарт алга. 4 давхарт хүн байх шинжгүй. Давхрын хаалгыг аюулгүйн туузаар хаасан нь бүх наалт нь салан унажээ. Ороход нээлттэй байсан тул дотогш нэвтэрлээ. Хав харанхуй. Гэрэл тусгаад хартал 4 давхар тэр чигтээ галд өртсөн болов уу гэмээр бүрэн бүтэн юм юу ч үгүй бүгд ундуй сундуй. Хаалганы мод, гал хамгаалагчууд орцонд байх эд хэрэглэлүүд бүгд шатаж харлажээ. Энд тэндээс хөөтэй зүйл үсэрч хүмүүс сандрахдаа үлдээсэн ул мөр бүдэг гэрэлд харлан үзэгдэнэ. Гал алдсан байрны үүдэнд 3 зул барьсан нь бөхжээ. Жихүүдэс хүрэм. Хүүхдүүд авраарай хэмээн орилж буй мэт харласан хана, хөө тортог болсон хонгил хоосон, хүйтнээр үлээнэ. Хүмүүс гарах гэж сандрахдаа хана тэмтэчсэн гарын хээ нь хананд үлдэн халтартан хоцорчээ. Гэрэл тусгаж эргэн тойрноо нэг тойруулж хараад, цааш зүрх хүрсэнгүй. Хаалганы цаанаас хүйт үлээж, сэтгэл өвдөнө.

Шатаар дээш өгслөө. 5 давхарт нам жим. Хүн байхгүй мэт дуу чимээгүй. 6 давхар руу өгслөө. Нэг хаалга онгорхой байсан руу орох гэтэл ажил явдал болж байлаа. Хүн уйлна, хоорондоо намуухнаар ярилцана. “Үнэхээр галын аюул гэдэг гэнэтийн юм байна. Найзынхаа хүүхдүүдийг аврахаар гүйж ороод гарч ирж чадсангүй” хэмээн ярих нь сонсогдов. Цааш сонсож чадсангүй буцаж доош буулаа.

Орж ирэхэд үүдэнд ярилцаж байсан хоёр эмэгтэй зогсож байв. Тэдэнтэй хэсэг хором ярилцлаа.

“Баг, маскгүй шаланкаас өөр ус цацах юмгүй нүцгэн гараараа л үзэлцдэг юм билээ”

-Та бүхэн энэ байрны оршин суугчид уу?

-Тийм ээ.

-Гал гарсан тухай хэдэн зүйл тодруулж болох уу. Тухайн үед юу болсон юм бэ?

-Өглөө үүр цайгаагүй харанхуй байсан. Гэнэт л дээд давхраас хүмүүс орилолдоод гүйлдээд унасан. Юун дуу чимээ вэ гэж гайхаад цонхоор харсан, харанхуй. Гайхаад коридорт гартал нэг залуу шорт, пудволктой шалдан гүйгээд байхаар нь согтуу хөлчүү юм болов уу гэтэл “Гал команд дууд, түргэн дууд” гэсэн. Тэгээд л гал гарч байгааг мэдсэн.

-Онцгой, цагдаа, түргэн хэр хурдан ирсэн бэ?

-Галын машин, цагдаа маш хурдан ирсэн. Хан-Уул дүүргийн гал унтраах анги манай хажууханд юм билээ. Тэд маш түргэн ирсэн. Цагдаа ч бас зэрэгцээд ороод ирсэн. Харин түргэн дуудлага авахгүй их удсан. 

-Эндэхийн зам их нарийнхан галын машин орж ирэхэд хүндрэл үүсч магадгүй харагдсан?

-Тийм тийм. Маш нарийхан замтай. Түүнээс болж жаахан цаг алдсан байж магад. Гэхдээ эхний анги маш түргэн ирээд тэр хол трансформаторын байрны цаана зогсоод хоолойгоо татсан. Тэр хоолой нь харин ахиухан урт юм билээ. 

-Галыг цаг алдалгүй унтраажээ?

-Эхний анги унтрааж дийлэхгүй дахиад нэг анги дуудсан. Тэд нь харин орж ирэх гэж цаг алдсан байх. Зам дагуу байрлуулсан машинуудыг түрж холдуулахыг нь холдуулаад, заримыг нь замаас шахаж гаргаж байсан.  

-Нэг аврагч амиа алдсан шүү дээ?

-Тэгсэн хөөрхий минь ямар ч баг, маскгүй шаланкаас өөр ус цацах юмгүй нүцгэн гараараа л үзэлцдэг юм билээ шүү дээ. Дөнгөж хорин хэдтэй гэсэн үү. Сайхан залуу байсан. 

-Хэчнээн аврагч ирсэн бэ. Хэд нь хорт утааны багтай харагдсан бэ?

-Эхний ангиас арав гаруй залуу байсан байх аа. Тэд бүгд маск, баггүй байх шиг харагдсан. Сандарсан байсан болохоор буруу зөрүү харсан байж магад. Харин дараа нь нэмэлтээр ирсэн залуус хойноо аппарат зүүчихсэн, багтай байсан шүү. Түүнийг бол сайн харсан. 

-Зургаан давхарт ажил явдал болж байна лээ?

-Зургаан давхрын нэг эмэгтэй тэдэнтэй гэр бүлийн найзууд. Орж гараад хоорондоо их сүрхий. Хөөрхий минь хүүхдүүдийг нь аврах гэж ороод өөрөө амьд гарч чадсангүй дээ. Угаартчихсан юм билээ.

-Хэдэн насны хүмүүс байсан бэ?

-Залуухан хүмүүс шүү дээ. 40 хүрээгүй. Гуч гаруй насныхан. 4-5 хүүхэдтэй айл байсан уу. Одоо аав нь ганц хүүхэдтэйгээ үлдсэн. Сэтгэл санаа нь галзуурахаас наагуур л байгаа даа. Үнэхээр аймшигтай зүйл боллоо. 

-Нийгмийн сүлжээнд хандив цуглуулж байгаа гэсэн зүйл яваад байна лээ. Та бүхэнд мэдсэн зүйл бий юу?

-Хэрэв тэгсэн бол бид хамгийн түрүүнд мэдэх байлгүй дээ. Тэр хүн чинь 4-5 хүнээ алдчихсан. Тийм сөхөөтэй манатай яваа. Тэр худлаа байх шүү. Сайн магадлаарай.  

-Та түрүүн түргэн дуудлага аваагүй гэж байсан. Тодруулаач?

-Маш олон залгуулсан. Хүмүүс угаартаад байна хурдан ирээрэй гэтэл “Угаартсаных нь дараа очно” гэсэн. Тэр юу гэсэн үг юм бэ. Үхснийх нь дараа очъё гэж байгаа юм шиг. Өчнөөн залгуулж байж хүн ухаан орохгүй байна гэсний дараа “Дуудлага хүлээн авлаа” гэсэн. Хэрэв түргэн цаг алдалгүй дуудлага аваад ирсэн бол тэр хүүхэн, аврагч хоёр аврагдах боломжтой байсан гэж би бодож байгаа. Хайран сайхан залуу, хүний төлөө амиа өргөлөө дөө. 

-Галын урьдчилсан дүгнэлт гацуурын гэрэлнээс гал авалцсан байх магадлалтай гэж гарсан байна лээ. Ер нь энэ байрны тог хэр вэ?

-Байс гээд поскатль нь буучихдаг. Жаахан нотой байх аа. 

-Энд тэгээд танайхаас өөр байр харагдсангүй. Хэзээ ашиглалтад орсон юм бэ?

-Ашиглалтад ороод бараг 7-8 жил болчихлоо. Манайх ороод 7 жил болчихсон байна. Уг нь энэ хойгуурх гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлөөд, гурван блок барилгатай, дундаа машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай цогцолбор хотхон болгоно гэж анх гэрээн дээрээ байсан юм. Гэтэл ганц энэ барилгыг ашиглалтад оруулж зарж дуусгаад өөр юу ч хийгээгүй. Үүнийг барьсан барилгын компанийн эздүүд нь хятад юм билээ. Тэгээд бушуухан байрнуудаа зарж дуусгаад л алга болж өгсөн. Одоо манай байрыг харсан биз дээ. Амьдрах ямар ч таатай орчин байхгүй. Хүний анхдагч хэрэгцээ машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгүй. Гараад суух ганц сандал ч байхгүй. Хүүхдүүдээ гадаа гаргалаа гэхэд шууд л зам. Зам ч гэж байрны үүдэндээ хүмүүс машинаа тавьчихдаг. 

-СӨХ байдаг уу?

-Ганц хүн бий. Тэр хүн бас галд гэр нь өртөөд эзгүй байгаа.

-Гал гарснаас хойш нэлээд айл эзгүй байгаа юм аа даа?

-Айлууд бий бий. Хамгийн дээд арван давхраасаа эхлүүлээд давхар давхраараа айлууд нийлээд цэвэрлэгээгээ хийж байгаа. Чи арван давхарт гарвал цэвэрлэгээ хийж байгаа хүмүүс бий дээ. 

Нэмэхбаяр: 10 давхар барилгын нэг орцыг цэвэрлэхэд 13-14 сая төгрөг болно гэсэн. Үүнд тусламж үзүүлээч

Ингээд бидний яриа дуусч, лифтээр арван давхар өөд өгслөө. 

Энэхүү орц тэр чигтээ галын тортогт дарагджээ. 10 давхарт буугаад л лифтний үүдэнд устай түмпэн, шалны мод алчуур зэрэг байлаа. Нэг хаалганаас маск зүүсэн гучаад насны эрэгтэй гарч ирэв. Тус байрны оршин суугч н.Нэмэхбаяр ярихдаа “Бид галын аюулын дараа сэргэх гээд хичээж л байна. Цэвэрлэгээний компанид хандаж үзтэл 10 давхар барилгын нэг орцыг цэвэрлэхэд 13-14 сая төгрөг болно гэсэн. Бидэнд тийм их хэмжээний мөнгө байхгүй. Үүн дээр тусламж үзүүлээч гээд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн тамгын газарт хандсан байгаа. Үүнд л тусламж авмаар байна. Өөр ч бидний зүгээс хүсэх зүйл алга” гэв. 

Түүнээс хэдэн зүйл нэмж тодрууллаа. 

-Тухайн үед угаартаж нэг алба хаагч нас барсан. Та тухайн алба хаагчийг харж чадсан уу?

-10 давхрынхныг хамгийн сүүлд гаргасан. Хамгийн ойрхон аврах боломжтой хүмүүсээ түрүүлээд гаргаад явдаг юм билээ. Тухайн үед манай давхрынхан гарч амжсан эсэхийг ч мэдээгүй. Бүх үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тэр залуугийн араас манайхан байраараа харамсаж байна. Хүний амь насыг аврахаар нүцгэн гараараа л үздэг юм билээ. Сүүлд нэмэлтээр ирсэн ангийнхан багтай ирсэн тулдаа бидний гаргасан юм байна лээ. Эхний анги тэр чигээрээ маск, баггүй л байсан гэсэн. 

-Галд өртсөн гэр бүлийг та таньдаг байсан уу?

-Хааяа хааяа таарна мэнд усны зөрүүтэй л залуу байсан. Олон жаахан хүүхэдтэй, өнөр өтгөн айл байсан юм. Нэг гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэлээ дээ. 

-Та бүхнийг хамгийн сүүлд гаргасан гэхээр угаартаж, гэмтсэн үү?

-Бид угаартах нь гайгүй. Хамгийн сүүлд мэдээд гарсан болохоор бэлтгэлтэй байсан. Чадах чинээгээрээ маскаа зүүгээд аврагчийн заавраар гарсан. Угаартсан хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлсэн. 

-Хаана хэвтүүлсэн юм бэ?

-Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд хэвтүүлсэн гэж сонссон. 

-Аврагч танай хаалгыг онгойлгосон уу?

-Гэнэт хүмүүс шаагилдаад хаалга нүдээд гайхаад цонхоор харах гэтэл юу ч харагдахгүй нил утаа болсон байсан. Тэгээд л гал гарч дээ гэж мэдээд, хүүхдүүдээ өөрсдийгөө сайн маск зүүж бэлдсэн. Хаалга онгойлготол нүүгэлтсэн хар утаа ороод ирсэн.  Тэр дунд юу ч харахгүй юм билээ. За ямар ч байсан доошоо бууя гэж бодоод хана тэмтчээд явж байтал замд аврагчид таараад биднийг гаргасан. Тэр их утааг аврагчид цонх хагалж гаргадаг юм байна лээ. Давхрын цонхнуудыг бүгдийг нь хагалж утааг гаргасан. Тэгсэн ч одоо ч гэсэн байрнаас утааны үнэр арилаагүй л байна. Нил хөө тортог болсон болохоор цэвэрлэсэн ч эргэж загалтаж халтартаад бидний хүч хүрэхгүй нь. Яахав халтартуулаад гар, мод хүрч байгаа газраа арчиж болох л байх. Гэхдээ 3-6 давхар аймшигтай болсон байгаа биз. Түүнийг бид цэвэрлэж үнэндээ барахгүй байх. Хана, тааз, шал гээд бүх газар нь хав хар байгаа биз. Гар хүрэх газраа цэвэрлэж болно. Тэглээ гээд гэр орон минь юм болохоор өөр очих газаргүй бид цэвэрлээд өөд нь татахаас өөр яахав. Үүнд тусламж үзүүлээч л гэж нийслэл, дүүрэгтээ хандаж байгаа юм. 

Ингээд ОБЕГ-аас албаны мэдээлэл авахаар холбогдлоо. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж хангалттай хэмжээнд бий” гэхээс өөр тайлбар өгсөнгүй. 

Энэ талаар урьд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан алба хаагчаас тодруулав. Иргэн Б.Батсүх ярихдаа “Анги бүрт алба хаагчийн тоогоор хорт утааны маск бий. Өглөө болгон ээлж хүлээлцэхдээ тэрхүү эд хэрэглэл, тоног төхөөрөмжүүдээ бүгдийг хүлээлцдэг. Тухайн үед амиа алдсан алба хаагч офицер хүн байна лээ. Салаан дарга, офицерууд энгийн алба хаагчаас арай зэрэглэл өндөр учраас салаан алба хаагчаас тусдаа хорт утааны маск хэрэглэдэг. Түүнийг салаан дарга нар ээлж хүлээлцэхдээ бас хүлээлцдэг. Алба хаагч болгонд маск байх ёстой” гэв. 

С.ОТГОНБАЯР