Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 7-ны өдөр жирэмсэн эх таксинд төрсөн. Эмэгтэй өдгөө “Өргөө” амаржих газар хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг Дэмбэрэлсамбуугийн Насанжаргал гэдэг. 21 настай ажээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.

Ажлаасаа буугаад гарах гэж байсан. Маш их өвдөж байсан ч ажлынхандаа юу ч хэлээгүй. Найзууддаа ч юм хэлээгүй. Тэгээд л би явлаа гээд ажлаасаа гарсан. Өвдөөд эвхрээд сууж байтал нэг ах “Яасан ахын дүү. Зүгээр үү” гээд “Ах нь такси барьж өгье” гэсэн. 5000 төгрөг халаас руу хийнгүүтээ такси барьсан нь тэр ах байсан. 

Хамгийн эхэнд таарсан ах 5000 төгрөг өгөөд, такси барьж өгсөн.  

Таксинд суугаад өвдөөд байсан болохоор уйлахаас өөр юм хэлж чадаагүй. Таксины ах “Хаана нь яаж өвдөж байна, яаж байна, зүгээр үү” гээд л байсан. Би өвдөөд юу ч хэлж чадаагүй. Нэгдүгээр хороолол өнгөрөөд, арай гэж л “Би жирэмсэн ахаа, намайг Нэгдүгээр төрөх рүү хүргээд өгөөч” гэсэн. Ах “Хоёулаа Эх нялхас оръё” гэхээр нь “Үгүй ээ, ахаа намайг Нэгдүгээр төрөх хүргээд өг” гээд явсан. Эмнэлэгтээ очиж амжаагүй замдаа төрчихсөн. Төв шуудангийн уулзвар дээр зогсохоор нь бие засмаар санагдаад буусан. Нөгөө ах “Суучих аа, ахын дүү. Хүүхэд чинь төрөх гээд байна” гэж гуйгаад, би суугаагүй. Нуруугаар маш их өвдөөд байсан. Тэгээд л толгой нь цухуйчихлаа гэсэн таксины ах күртикээ бариад л гүйгээд ирсэн. Замаар явж байсан хоёр эмэгтэй бас тусласан. Тэгээд л төрсөн дөө. Хүү минь даарчих вий дээ л гэж бодогдсон. Цасан дээр төрсөн мөртлөө “Би яах вэ. Зүгээр. Миний хүүхэд” л гээд уйлсан. Хүүхдээ хараад маш их баярласан. Уйлахаас өөр зүйл хийж чадаагүй. 2750 гр хүүтэй болсон. 

Таксины жолооч үнэхээр сайн хүн байна лээ. Хоёр хүний амийг аварсан. Үнэхээр их баярлалаа л гэж хэлье. Тэр хүн зогсоогүй, хэрвээ суулгаж авч яваагүй бол юу ч болох байсан юм билээ. Маш их баярлаж байгаагаа л хэлье. Өөрөөр баярласан сэтгэлээ яаж илэрхийлэхээ үнэхээр мэдэхгүй байна.