Цаг үеийн мэдээ

Нялх биетэй эхнэр нь нас барж, хоёр сартай ихэр, 6,11,13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах аян өрнөсөн. Монголчууд тус гэр бүлд 459 сая төгрөг хандивлан, хандивын дансаа хаасан билээ.

Тэгвэл өнөөдөр Б.Отгонбаярын гэр бүл дөрвөн өрөө байр Нисэх-Яармаг орчимд худалдан авчээ. Актив гарден төслийн хамт олноос Б.Отгонбаярын гэр бүлд 50 сая төгрөгийн урамшуулал олгон, байрны түлхүүрийг гардуулан өглөө. Хоёр ихрийг өнөөдөр сувилалд эмчлүүлэхээр авч явсан байна. 

Б.Отгонбаяр байрныхаа түлхүүрийг гардан аваад, “Үнэхээр их баяртай байна. Анх ингэж их хандив цуглана гэж бодоогүй. Хашаандаа жижигхэн байшин босгоё л гэж бодсон. Манай найзууд байшинг нь барилцаад өгье гэсэн сэтгэлээр анх эхлүүлсэн юм билээ. Би эхэндээ мэдээгүй. Хэдхэн хоногийн дотор нийт монголын ард түмэн тусалж дэмжээд, компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс маш их хандив өгсөн. Сайхан байртай болчихсондоо одоо ч итгэхгүй байна. Энэ бүх хандвыг өргөсөн бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлж байна” гэв. 

Найзуудын төлөөлөл ярихдаа “Миний найз дөрвөн өрөө сайхан байртай боллоо. Хамгийн их талархмаар зүйл нь монголд анх удаа ийм хурдан маш их хэмжээний мөнгө цугларсан анхны тохиолдол болж байх шиг байна. Гурван хоногийн дотор 500-гаад сая төгрөгийн хандив цуглаад, сайхан байртай боллоо. Монголчууд нэгдэж чаддаг юм байна, нэгдэхээрээ ямар хүчтэй юм бэ гэдгийг биеэрээ мэдэрлээ. Одоо ч гэсэн итгэж өгөхгүй байна. Бүх тусалж дэмжсэн бүх хүндээ талархлаа илэрхийлье. Бүх хүмүүсийг дурдахын тулд хараад хэлье. Дараа нь бид бүх цугласан хандиваараа юу авсан, хэдэн төгрөг зарцуулсан бүгдийг нь нээлттэй бичнэ гэж бодож байна. 

Хамгийн том хөрөнгө оруулалт нь 300 сая төгрөгөөр Актив гарден хорооллоос дөрвөн өрөө байр авлаа. Актив гарден төслийн хамт олон 50 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 32 сая төгрөгөөр Скандинов тавилгын дэлгүүрээс буйдан, ширээ сандал, ор, зочны өрөөний стенк, хоёр давхар ор зэргийг авсан. Happy flower сувиллын газраас хоёр жил хүүхэд харах үйлчилгээ, Тодигоос хүүхдүүдийн живхийг хангахаар болсон. Сайхан бүсгүй группын админ Дэлгэрмаа байрны хөшиг хийж өгөхөөр болсон. Билгүүн бийт, Цахиур.мн, Тв5 телевиз, Зөв.мн, С1 телевиз, NTV, Live tv, Eegii store гэх байгууллагуудад баярлалаа. Бүгдийг нь дурдаж чадсангүй. Та бүхэнд баярлалаа. Та бүхэн минь мэдээллийг шуурхай дамжуулж өгсний хүчинд найз минь байртай, ажилтай юм юмтай болж сайхан байна. Бүгдэд нь баярлалаа. Эрдэнэбаатар гэж хүн машинаа бэлэглээд явсан” хэмээв. 

Иргэн Б.Отгонбаяр ярихдаа “Үнэхээр баяртай. Тусласан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Хүүхдүүд минь маш их баярлаж гүйлдээд “Би энэ өрөөг авна, би энэ өрөөг авна” гээд тойрч гүйцгээгээд үгээр хэлэхийн аргагүй баяртай байна. Манай найзууд том охинд минь энэ өрөөг тохижуулж өглөө. Хоёр ихэр маань хажууд талын өрөөнд байрлана. Бас л сайхан тохижуулаад өгсөн” гэлээ. 

Ийнхүү Б.Отгонбаяр хүүхдүүдийнхээ хамтаар шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч, хадгаа зүүсэн юм.