Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав орчим гарсан осол, дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын гурван албан хаагч амиа алдаж, олон арван иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон харамсалтай үйл явдал боллоо. 

Болсон үйл явдлаас харахад Нийслэл Улаанбаатар хот болзошгүй осол, гамшигт бэлэн үү гэдэг асуулт хариултаа нэхэж байна. 

Цаашид алдаа эндэгдэлээ засаж сайжруулах, болзошгүй эрсдэлт нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах бэлтгэл байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага үүсэж байна. 

Зарим иргэдийн тухайд орон сууцны хотхон хороолол, сургууль цэцэрлэгүүдтэй ойр байрлах шатахуун түгээгүүрийн газруудыг яаралтай нүүлгэн шилжүүлж, буулга гэх шаардлагыг ч мөн цахим орчноор дамжуулан нийтэлсээр байгаа юм.

Нэг шатахуун түгээх станц гал алдахад Улаанбаатар хотын хойд хэсэг тэр чигтээ дэлбэрэлтэд өртөх тухай тооцоо судалгааг олон улсын байгууллагаас өмнө гаргаж байсан. 

Тиймээс олон нийтийн зүгээс зай талбайн шаардлага хангаагүй ШТС-уудыг нүүлгэх тухай шаардаж цахим орчинд давалгаалсаар байна.