Цаг үеийн мэдээ

Шатахуун түгээх станц болон газрын тосны онцгой бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр тавигдах хяналтын талаар Техникийн ухааны доктор, Газрын тосны салбарын зөвлөх инженер Л.Орхоноос тодрууллаа.

Шатахуун, газ гэх мэт тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй бодисыг ямар стандартаар тээвэрлэдэг вэ?

Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 3.1.2. "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ гэж заасан. Энэхүү хуулийн химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлагын 8.1. заалт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ” гэсэн үндсэн гол үүрэгтэй байдаг. 

Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 12 дугаар зүйл “Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага”-д зааснаар уг хуулийн 6.1.2. заалтын дагуу химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталсан. 

Шингэрүүлсэн шатдаг хий нь химийн аюултай бодисын ангилалд хамаарагддаг бөгөөд Монгол улсын MNS 4978:2017 “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” стандарт, ДБЯ-ны сайдын 2001 онд баталсан “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, ТЭХЯ-ны сайдын 2007 онд баталсан “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюултай ачаа тээвэрлэх шаардлага, ДБЯ-ны сайдын баталсан “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, ЗТЯ-ны сайдын баталсан “Аюултай ачаа тээвэрлэх журам” гээд холбогдох хууль, журам, дүрэм, стандартуудын шаардлагыг хангаж тээвэрлэлтийг гүйцэтгэх ёстой. 

Жишээ нь: MNS 4978:2017 “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” стандартад тавигдсан зарим шаардлагуудыг дурдвал:

a) Аюултай ачаа илгээгч нь гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааврыг батлуулж, тээвэрлэгч байгууллага, жолооч, дагалдан яваа хүмүүст танилцуулж гарын үсгээр баталгаажуулсан байх ёстой.

b) Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгч автотээврийн хэрэгслийн торх нь даралтат савны стандартыг хангаж, мэргэжлийн хяналтын байгууллагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байх ёстой.  

c) Шингэрүүлсэн шатдаг хий, аюултай ачаа тээвэрлэх маршрутыг аль болох замын хөдөлгөөний эрчим, бартаа саад бага байхаар сонгож, тээвэрлэх цаг хугацаа, замын хөдөлгөөнд оролцох чиглэлийг орон нутгийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн албанд мэдэгдэж, аюулгүй тээвэрлэх зөвлөмж, даалгаврыг авсан байх ёстой.

d) Аюултай ачаа тээвэрлэгч жолооч нь осол аюулгүй тээвэрлэх талаар мэргэжлийн сургалтад хамрагдсан, тухайн ангиллын үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн сертификаттай байна.   

e) Замын цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллагаас тээвэрлэх чиглэлийг тогтоож зөвшөөрөлцсөн байна.

f) Аюултай ачаа тээвэрлэх, онцгой ажил гүйцэтгэх бүрт аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байна.

g) Аюултай ачааны шаардлагыг бүрэн хангаагүй, тээврийн хэрэгсэл бүрэн бус, жолоочид тавигдах шаардлага хангагдаагүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглодог.

Монгол улсын ЗГ-ын 2018 онд баталсан “Замын хөдөлгөөний дүрэм”-д хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэж заасан байдаг.

Стандартаар эдгээр бодисын агуулахыг суурьшлын бүсээс хэчнээн метрийн зайтай байлгах нормтой вэ?

Барилга хот байгуулалтын сайдын 2014 онд баталсан БНбД 21-07-14 “Шатахуун түгээх станц. Галын аюулгүй норм”-д зааснаар автомашинд хий түгээх станц нь шингэрүүлсэн хий хадгалах нөөцийн сав нь газар дор далд байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 100 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 50 метр, нөөцийн сав нь ил буюу газар дээр байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 300 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 100 метр зайд галын аюулгүйн зай хэмжээг тооцно гэж нормчилсон байдаг.

Барилга, хот байгуулалтын яамны сайдын баталсан БНбД 42-01-19 “Хийн хангамж” галын аюулгүйн нормд шингэрүүлсэн, шахсан хий хадгалах, цэнэглэх цэг болон хий түгээх станцын аюулгүй зай хэмжээг мөн адил нормчилж өгсөн байдаг.    

Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн агуулах бий вэ?

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн шатахуун хадгалж буй 29 агуулах, шингэрүүлсэн шатдаг хий хадгалдаг 11 агуулах байна. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж нь БНбД 21-03-04 “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Галын аюулгүйн норм”, БНбД 42-01-19 “Хийн хангамж”, MNS 5746-2000 “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Технологийн байгууламж. Техникийн ерөнхий шаардлага” стандартаар тогтоосон техникийн ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд АМГТГ, Онцгой байдлын ерөнхий газар, УУХҮЯ-ны салбарын мэргэжлийн хяналтын газраас тогтмол давтамжтай үзлэг шалгалтыг хийж, агуулахын бүртгэлийн гэрчилгээ, импортын болон бөөний борлуулалтын тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам олгодог. 

Ийм төрлийн тээвэрлэлтийн стандартыг хаанаас шалгаж, мөрдүүлдэг вэ?

Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналтын байгууллагууд болон хийн аж ахуй эрхлэгч байгууллагын дотоод хяналт шалгалтын алба нь байнга шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ёстой.

Саяны ослын нөхцөл байдлыг олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгээс харахад авто замын төлөвлөлт нь том оврын тээврийн хэрэгсэл эргэлт хийхэд эргэлтийн радиус нь стандарт хэмжээнд хийгдсэн үү гэдэг асуудал гарна. Том оврын ачааны тээврийн хэрэгсэл эргэхэд толгой, чирэгдэгч торх хоёр нэг эгнээнд биш, мөн том машины сохор бүс буюу толинд харагдахгүй хэсэгт суудлын машин давхар эргэж орсон, шүргэлцсэн байдал харагдаж байна лээ.

Мөн тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх зөвшөөрөл олгох шаардлагад автомашины жолооч нь тээвэрлэлтийн батлагдсан замнал буюу маршрутыг зөрчих, батлагдаагүй замаар явах, зориулалтын бус газар зогсох, хурд хэтрүүлэх, гэнэт хурдан хөдөлгөөн хийх огцом, тоормозлох, тусгай тоноглолгүй тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх зэргийг хориглосон байдаг.    

Б.АМАРТҮВШИН