Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдлаа. 

Уг осолтой холбогдуулан УОК хуралдаж, шийдвэрээ танилцуулсан юм. 

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлэхдээ алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангамж 35-40 хувьтай буюу гурван албан хаагч дундаа нэг хамгаалалтын хувцас хэрэглэлтэй. Түүнийгээ дамжуулж хэрэглэдэг. Тоног төхөөрөмжийн тухайд өндөр барилгад гарсан галыг унтраахад шат хүрэлцээгүй. Есөн давхраас дээш өргөгдөхгүй тухай хэллээ. 

Гэтэл Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга 34 давхар. Өндөр барилгуудад гал алдвал яах вэ? Алба хаагчдаа улаан гал руу нүцгэн оруулаад галын дөл өөдөө гээд хараад суух уу? 

Осол, аваарь, аюул, гэмтэл хэлж ирэхгүй. Гэлээ гэхдээ бид болзошгүй эрсдэлд бэлэн байх ёстой.

Улаанбаатар хот болзошгүй эрсдэлд бэлэн үү гэдэг асуулт хариултаа нэхэж байна.

Болоод өнгөрснийх нь дараа бид анхаарах ёстой гэж халаглах биш урьдчилан сэргийлдэг, бэлддэг, тооцдог, хамгаалдаг байхыг, техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулахыг олон нийт шаардаж байна.