Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ажил үүргээ биелүүлж яваад амь эрсэдсэн онцгой байдлын албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлуудыг шийдвэрлүүллээ. 

Ослын улмаас түлэгдэж, угаартаж, эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан тодорхой санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэж, ар гэрт нь дэмжлэг үзүүлнэ.

Түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж байгаа. Энэ орон сууцны нийт айл өрх зочид буудалд амьдарч байна. 

Мэргэжлийн барилгын компаниудыг мэргэжлийн дүгнэлт дээр үндэслээд сантехник, цахилгаан эрчим хүч, барилгын хийцэд ямар өөрчлөлт, засварыг хийх вэ гэдэг дээр үндэслэн засах зардлыг шийдвэрлэлээ.

Засгийн газрын зүгээс байр орон сууцыг засах хугацаанд тухайн байранд амьдарч байсан айл өрх, иргэдийн түрээсийн байрны зардлыг шийдвэрлэж байгаа.

Осол гэмтэл гарсантай холбоотой нөхцөл байдал, шалтаг шалтгааныг мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Өнөөдөр ЦЕГ-ын дарга, ОБЕГ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд Засгийн газарт мэдээлэл хийсэн.  Учир шалтгааныг мэргэжлийн үүднээс, хууль, дүрэм журмын хүрээнд ямар зөрчил дутагдлууд гарсан бэ, ямар арга хэмжээ авах вэ гэдэг ажлууд үргэлжлээд хийгдэж байгаа учраас энэ талаар холбогдох байгууллагууд та бүхэнд мэдээлэл хийнэ.

Ер нь газ тээвэрлэж явсан автомашин яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан юм гэх асуудлууд яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, яг зориулалтын үйлдвэрийн аргаар хийсэн газийг аюулгүй тээвэрлэдэг автомашин байсан уу? Хэрвээ тийм байсан бол яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй энэ их хэмжээний шатах, тэсрэх материалыг тээвэрлэж явсан бэ гэдэг асуудал хүртэл хөндөгдөж байгаа. Орон сууцны барилга байгууламж, орц гарц, гал команд гал унтраах ангийнхан цаг алдалгүй орох боломж нөхцөл яагаад бүрдээгүй байсан бэ? Тэнд зориулалтын дагуу барилга байшин баригдсан уу? Зам харгуй хаалттай байсан эсэх асуудал дээр яригдаж байгаа зүйл бий.

Өнөөдрийн Засгийн хуралдаанаар танилцуулсан, өчигдөр ч бид ярьсан. Осол гамшгийн асуудлуудыг нэг, хоёр тохиолдол дээр нь авч үзээд тухайн цагт нь гал дарах, шуугиан дарах маягаар асуудалд хандаад нэг нэгнийгээ газар дор ортол шүүжмлээд маргааш нь мартаад юу ч болоогүй юм шиг явдаг хандлага салбар харгалзахгүйгээр нийгмийн бүхий л салбарт байна. Тийм ч учраас стандарт, хэм хэмжээ гэдэг зүйлээ сахиж мөрдөцгөөе. 

Стандартыг дагаж мөрдөж, нийгмийн үйл хэрэг болгохоор мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Энэ ажлын хэсэг стандартыг бүх шатанд мөрдүүлэх, улс орны хэмжээний хөдөлгөөн давлагаа болгож ажиллах, энэ дүрэм журмыг шинэчлэхтэй холбоотой зүйл байдаг бол шинэчилцгээе” гэлээ. 

Б.АМАР