Цаг үеийн мэдээ

"Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлагад тус тус даалгалаа.

Мөн тус хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.

Эхний ээлжид 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгоно.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авна.