Цаг үеийн мэдээ

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ дэлбэрч, том хэмжээний осол гарсан. Энэхүү ослоор орон сууц нь галд өртсөн иргэдийг төлөөлж, хуульч, өмгөөлөгч О.Батхүү мэдээлэл хийлээ. Тэрээр "Юун түрүүнд тухайн галыг унтраах гэж яваад амь насаа алдсан онцгой байдлын ажилчид болон тэр орчимд зорчиж яваад амь насаа алдсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье.

Эл осолд өртөж, хамгийн их хохирол амссан "Edu Appartment 207" байрны оршин суугчид надтай холбогдсон. Осол болоод долоо хонолоо. Одоо л юу болоод өнгөрөв гэдгийг бид ойлгож байна. Хөрөнгийн үнэлгээгээ хийгээд байрны засвараа эхлүүлээд даатгалынхаа мөнгийг авах ийм шаардлага үүсч байна. Хэнд хандаж, мэдээлэл авах талаар ямар нэгэн ойлголт бидэнд алга гэсэн. Тэгэхээр тухайн байранд нийт 70 айл оршин суудаг байсан. Үүнээс 37 айл нь орон сууцны ипотекийн зээлтэй. Үүнээс 30 айл нь хүчин төгөлдөр даатгалын гэрээтэй. Долоон айлынх нь гэрээ сунгагдаагүй, хугацаа нь дууссан. Өнгөрсөн хугацаанд даатгалын байгууллагаас хоёр компани тухайн байрны оршин суугчидтай холбогдож, хөрөнгийн үнэлгээ хийж эхэлжээ. Хоёр автомашины хохирол төлөгдсөн. Орон сууцны хохирол ер төлөгдөөгүй байна. Осолд өртсөн байрны үнэлгээг хийх, засвар үйлчилгээг Засгийн газрын фонд болон НЗДТГ-аас хариуцаж хийж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн гол хэлж байгаа зүйл нь "Бид нар маш олон жил даатгал төлж байгаа. Ийм том хэмжээний хохирол учирч байхад даатгалын байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байна. Бид нар алийн болгон төр засгийн мөнгөөр, хандив тусламжаар асуудлаа шийдэж явах юм бэ. Гэрээтэй, төлбөрөө төлсөн даатгалын байгууллагуудаараа хохирлоо төлүүлье" гэдэг асуудлыг надад ярьсан. Тиймээс би нийгмийн хариуцлагын хүрээнд "Edu Appartment 207" байрны оршин суугчдыг төлөөлөхөөр болсон.

Хүмүүс хохирол дээр хоёр асуудал ярьж байгаа.

Нэгдүгээрт, даатгалтай 30 айл даатгалаасаа мөнгөө авах ёстой. Даатгалгүй буюу орон сууцны зээлгүй дахиад 30 айл бий. Энэ айлууд ихэвчлэн орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлөөд дуусчихсан. Тэгэхээр хохиролоо буруутай этгээдээр гаргуулах бололцоо бий. Хохиролоо гаргуулахын тулд хамгийн эхний асуудал бол үнэлгээгээ хийлгэх, өнгөрсөн долоо хоногт энэ ажил огт хийгдээгүй. Тиймээс айлууд байшингаа сулласан байна. Тэр гэр дотор шатсан барилга, бараа материал бусад зүйлийг гүйцээж үнэлэх бололцоогүй болж байна.

Өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагууд, хохирогчидтой холбогдоод хохирол барагдуулах тал дээр маш амжилттай ажиллаж байгаа гэх мэдээлэл өгсөн. Гэвч бодит байдал дээр болохгүй байна.

Маргааш өглөө 11:00 цагаас миний бие тухайн байрны оршин суугчдын хамтаар Санхүүгийн зохицуулах хороотой уулзана. Тухайн байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллага.

Бид нар уулзалтаар шатсан байран дээр даатгал хийсэн компаниуд болох Номин даатгал, Практикал даатгал, Миг даатгал, Бодь даатгал,  Мөнх даатгал, Ард даатгал, Тэнгэр даатгал, Хаан даатгал, Монгол даатгал гэх энэ байгууллагуудын төлөөллүүдийг Санхүүгийн зохицуулах хороо дээр ирэхийг урьж байна. Хохирогчид, Даатгалын компаниуд, Санхүүгийн зохицуулах хороо гэх гурван тал нийлж байгаад асуудлаа яръя.

Эдгээр хүмүүс гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан. Даатгалын компанид хандаж, хохиролоо төлүүлье гэхээр бичиг баримт, гэрээ байхгүй.  Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хороон дээр ирэхийг уриалж байна.

Хоёрдугаарт, байшингаа шатаалгасан айлууд гэр орондоо байж чадахгүй байгаа. Гэхдээ ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлж байгаа. Хэрвээ бололцоотой бол байрандаа буцаж орох хүртэл хугацаанд зээлийнхээ хүүг хойшлуулах боломж байна уу. Бололцоогүй гэвэл ойлгоно. Хувийн байгууллага учраас" гэв.

Б.АМАРТҮВШИН