Цаг үеийн мэдээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмонтой хоол хүнсний аюулгүй байдал, яаж хадгалах, хэрхэн хоол хүнс үйлдвэрлэх талаар ярилцлаа.

-Хүмүүс эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгон авах вэ?

-Баяр ёслолын үеэр бид хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа юун дээр анхаарах вэ гэвэл хамгийн нэгдүгээрт хаанаас авах вэ гэдэг нь чухал. Эрүүл аюулгүйн шаардлага хангасан орчин нөхцлөөс, баталгаатай газраас хүнсний бүтээгдэхүүнээ авах нь хамгийн нэгдүгээрт тавих асуудал. Яагаад гэвэл баталгаагүй гарал үүсэл нь тодорхойгүй газраас хүнсний бүтээгдэхүүнээ авах нь тэр хэрээрээ эрсдэл учруулдаг. Манай орны нөхцөлд эрс тэс уур амьсгалтай учраас гадаа зарж байгаа хүнсний бүтээгдэхүүн хөлдөнө. Буцаагаад дулаан газар хадгалахаар гэснэ. Температурын хадгалах нөхцөлд нь өөрчлөлт гараад байдаг учраас ямарваа нэгэн хүнсний бүтээгдэхүүнд бүтцийн өөрчлөлт ороод тэр нь эргээд эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэх нөхцөл бололцоо бүрддэг. Тэгэхээр температур нь тогтмол, эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авна. Ялангуяа түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн өндөг, жимс ногоо, уураглаг хүнсний бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнүүдийг хаяг шошго, сав баглаа боодол бүрэн бүтэн байна уу анхаарах хэрэгтэй. Хөргүүрт хадгалж байна уу. Хэрвээ хөргүүрт хадгалаагүй ил задгай хадгалсан бол тухайн хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцлийг алдсанаас болоод түүн дээр хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлого үүсгэх боломжтой бичил биетүүд өсөж үржээд, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзнэ. Мөн хаяг шошго, сав баглаа боодол бүрэн бүтэн эсэхийг сайтар шалгана. Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, хугацаа нь хэзээ дуусахыг шалгана. Өнөө маргаашгүй хугацаа нь дуусах хүнсний бүтээгдэхүүнүүдийг зарим худалдааны төвүүд тэдийг авбал тэд үнэгүй, 1+1 гэх мэтээр хямдралаар зардаг. Иргэд түүнийг хямдарчихсан юм чинь гээд олноор авдаг. Гэтэл хугацаа нь маргааш дуусвал эрсдэлтэй. Нэгдүгээрт, эрсдэлтэй. Хоёрдугаарт, тухайн хүнсний бүтээгдэхүүнээс авах шим тэжээл муудсан байдаг. Тэгэхээр үүн дээр анхаарах шаардлагатай. 

-Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн хадгалах ёстой вэ?

-Нэгэнт хаяг шошго, сав баглаа боодол бүрэн бүтэн эсэхийг шалгаад гэртээ хадгалж байгаа тохиолдолд тухайн хүнсний бүтээгдэхүүнийг сэрүүн газар хадгалах уу, өрөөний температурт хадгалах уу, хөргүүрт байх ёстой юмуу гэдгээс хамаарч ангилаад, хөргүүрт хийхийг нь хийж, нарны гэрлээс хол хадгалахыг нь хадгалж, шүүгээ саванд хийхийг нь хийж бүтээгдэхүүний чанарыг муутгахгүй зориулалтаар нь хадгална. Гэртээ бас хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалах ёстой. Яагаад гэвэл баяр ёслолоор олон бүтээгдэхүүний нөөц хуримтлуулдаг учраас түүндээ анхаарах нь байна. Өндгийг гэхэд л заавал хөргүүрт хадгална. Ил хадгалбал эрсдэл үүснэ.  

-Худалдан авсан бүтээгдэхүүнээрээ хоол хийж байгаа тохиолдолд юу анхаарах вэ. Хоол хийх явцад ямар нэгэн байдлаар хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх зүйлүүд байдаг болов уу?

-Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр хоол хүнс үйлдвэрлэхэд эрсдэлтэй л хоол хүнс бий болно гэсэн үг. Нэгэнт бид хаяг шошгыг хараад эрүүл ахуйг хангасан гэж үзээд хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авсан бол хоол хийхдээ анхаарах зарим зүйлс бий. Жишээ нь, шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн хэрчдэг гамбанз дээр заавал болгож хэрэгдэг бүтээгдэхүүн хэрчих нь эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хэрвээ бид хиам, талх зэрэг шууд иддэг хүнсний бүтээгдэхүүн хэрчсэн хутгаараа түүхий мах бэлтгэхдээ хэрэглэвэл түүхий маханд байсан бичил биет нь шууд идэх хүнсний бүтээгдэхүү рүү дамжаад, тэр нь тодорхой хэмжээнд өсөж үржээд бас л хоол хүнсээр дамжих халдвар, хоолны хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн тахианы гуя, мөч шарж идэх гэж байгаа тохиолдолд заавал гүйцэт чанаж болгох дээрээ анхаараарай. Мах нь гүйцэт болсон эсэх дээр анхаарахгүй бол дутуу шүүрхий хүнсний бүтээгдэхүүн нянгаар бохирлогдлогдсон байдаг. Түүнийг нь гүйцэт чанаж болгоогүй бол тэр нян нь өсөж үржээд, тодорхой хугацааны дараа аюул үүсгэдэг. 

-Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Энэ үед хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ удаан хугацаагаар байлгадаг. Эдгээр өдрүүдэд хоол хүнсээ хэрхэн хадгалах вэ?

-Цагаан сар, шинэ жилийн үеэр хүмүүс зууш, салат их хийдэг. Тэдгээр нь түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн учраас тасалгааны температурт 2 цагаас илүү байлгаж болохгүй. Бүтэн өдөржин тавагтай салат нь ширээн дээр байгаад байдаг. Нянгийн өсөлт үржилт минут минутаар нэмэгддэг учраас хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл үүснэ гэсэн үг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнийхээ хадгалалтдаа анхаараарай. 

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтаас хамаарч эрсдэл нэмэгддэг юм байна. Жил жилийн Цагаан сарын дараа хүмүүсийн хоол хүнснээс болж эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хандах тохиолдлууд хэр байдаг вэ?

-Хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогоос сэргийлэх чухал зүйл нь хоол хүнсийг тухай бүрт нь шинээр бэлтгэж хэрэглэх явдал. Бэлэн болсон, чанаж болгосон хоол хүнсийг тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалах нь бичил биетэн өсөж үржих орчинг бүрдүүлдэг. Тэр нь эргээд хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогоор өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан эсвэл дархлаа султай хүмүүс хоол хүнсээр дамжих өвчин тусах эрсдэлтэй бүлэгт ордог. Цагаан сар болоод наадам, шинэ жилийн үеэр хоол хүнснээс үүдсэн өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. 

С.ОТГОНБАЯР