Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын Баруун ширээт рүү гараад буух замдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, төөрсөн, уулнаас буух замдаа унаж бэртэн хөдөлж чадахгүй болсон байж болзошгүй гэсэн дуудлага өнгөрөгч Пүрэв гарагийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангид ирсэн.

Аврах ангиас 9, Цагдаагийн байгууллагаас 5, ар гэрээс 6, ойн хамгаалагч 1, эрэлч нохой 1, нийт 21 хүнтэй баг эрлийн ажиллагааг 19:45 цагт эхлүүлж 4 га талбайд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагаас тус иргэн уул руу гарсан эсэхийг мөрдөн тогтоосны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж шөнийн  02:36 цагт зогсоож буцсан. 

Ар гэрийн болон Цагдаагийн байгууллагын хүсэлтээр эрлийг баасан гарагт үргэлжлүүлсэн. Аврах ангиас 12 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас-3, ар гэрээс-7 нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Богдхан уулын дугуй цагаанаас эхлэн 2 га талбайд явганаар эрлийн ажиллагаа явуулж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр агаараас 20 минутын зайтай 2 удаа хөөргөлт хийж эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулах хооронд 14:25 цагт тус иргэн гэр бүлийн хүн рүүгээ гар утсаараа холбогдож ууланд байхгүй эсэн мэнд байгаа гэх мэдээллийг авч ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. 15:00 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна. 

Аврах анги, Цагдаагийн байгууллага, ар гэр, ойн хамгаалагч, эрэлч нохойгоос бүрэлдсэн 40 гаруй хүнтэй эрлийн баг хоёр өдөр дамнан ууланд, цастай хүйтэн шөнөөр асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан эрэл  хийх үед иргэн Э ууланд байхгүй, өөр газар эсэн мэнд байгаа тухайгаа мэдэгджээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар