Цаг үеийн мэдээ

2024 оны 02 сарын 01-ний өдөр Стандарт хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын газраас “Мөнгөн завьяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэх, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд сорьцын баталгаажуулалтад хамруулах урьдчилан сэргийлэх хяналт тавин ажиллалаа.  

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үнэт металлын үндэсний холбоо, СХЗГ-ын Сорьцын хяналтын газар болон Хэмжил зүйн газрын Улсын ахлагч байцаагч нар ажилласан юм. Тэгвэл "Мөнгөн завьяа" худалдааны төвд үнэт эдлэл нь баталгаажуулалт хийгдээгүй жинг ашиглан худалдаалж, сорьцын тэмдэг тавигдаагүй үнэт эдлэл, мөнгөн аяга худалдан борлуулж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. 

Тиймээс СХЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгахаар түрээслэгч нарыг сургалтад хамруулах, жинг нэгдсэн байдлаар баталгаажуулалтад хамруулахаар боллоо. Мөн нэг сарын хугацаатай зөрчил дутагдал арилгах албан шаардлагыг "Гүн ингүүмэл" ХХК-ны "Мөнгөн завьяа" худалдааны төвд 85 талбай түрээслэгчдэд хүргүүлэхээр боллоо. 

Энэхүү урьдчилан сэргийлэх хяналтын үйл ажиллагаанд нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд байдаг. Уг хяналт 2024 оны 02-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 06-р сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.