Цаг үеийн мэдээ

Ширнэнбаньдийн Адьшаа гэхээсээ илүү Гаалийн Адьшаа гэж нэг гишүүн байдаг. Хөгжлийн банк, нүүрс, Боловсролын зээлийн сан гээд хаана асуудал гарна, яг тэнд Г.Адьшаа эрхээ гартаа ороочихоод сууж байдаг. Ш.Адьшаагүй сонсгол гэж үгүй. Сонсголгүй Ш.Адьшаа гэж бас үгүй. Хөгжлийн банкны, нүүрсний сонсгол бүхэн гаалийн Ш.Адьшаа гэдэг гандан бууршгүй гэрчтэй болдог.   

Хөгжлийн банкны мөнгөөр Ховдод үйлдвэр барихдаа оронд нь гарааш агуулахын сэндвич босгочихоод өөрөө зургийг нь үзээд танихгүй байсан Ш.Адьшаа Мөнгөгүй хүн шиг Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр хүүхдээ сургуульд явуулчихсан байсан Ш.Адьшаа. Нүүрсний сонсголоор улсын дээд амжилт эвдсэн Г.Адьшаа. Төрийн наадамд 12 удаа түрүүлсэн, цагийг эзэлсэн их аварга гэдэг шиг Ш.Адьшаатай хамааралтай нүүрсний нэг биш 12 компани илэрч, урьд хожид эвдэгдэхээргүй улсын дээд амжилт тогтоолоо. Ш.Адьшаа Дорноговийн Даланжаргаланд 40 мянган тонн нүүрс хадгалах хүчин чадалтай бүтэн терминал эзэгнэсэн, бүх цаг үеийн хамгийн том нүүрсчдийн нэг. Олон овоо өртөөний Шанд ложистик ХХК-ийн салбар замаас 2020 онд 221 мянга, 2021 онд 236 мянга, 2022 онд 238 мянга 680 тн, 2023 онд 89 мянган тн нүүрс урагшаа гарчээ.   

Ш.Адьшаагийн холбоо хамааралтай нүүрсний компаниудын нэрсийн жагсаалтыг нь нэрлээд унших, товчлоод дурьдах төдийд л шок мэдээнд багтахгүй урт, шог мэдээнд шингэхгүй их, Шиндлерийн бүртгэл шиг ярайж байна. 

1. “Тив транс” ХХК. Үүсгэн байгуулагч нь Шагдаржавын Батцэнгэл, эцсийн өмчлөгч нь Хятадын иргэн Чаогэ Далай, гүйцэтгэх захирал нь Чаолументу. Ширнэнбаньдийн Адьшаагийн төрсөн дүү Ширнэнбаньдийн Болдхуяг 2011-2014 онд 50%-ийн эзэмшигч байсан. 

2. Айфронтиер ХХК. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Шагдаржавын өмнө компанийн Шагдаржавын Батцэнгэл. Шагдаржавын Батцэнгэл нь Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягтай “Бүрд констракшн” компани хамтран эзэмшиж байсан.

3. Монжапан менежмент ХХК. Ш.Адьшаа өөрөө Ш. Батцэнгэлтэй хамтран үүсгэн байгуулсан. Ш.Адьшаа 25%-ийг эзэмшиж байгаад байдал бишдэнгүүт хувьцаагаа Ш.Батцэнгэлд шилжүүлсэн. 

4. Реа элемент ресоурсез ХХК. Үүсгэн байгуулагч нь өнөөх Ш.Адьшаа өөрөө. Хамтран үүсгэн байгуулагч нь мөнөөх Ш.Батцэнгэл. Гүйцэтгэх захирал нь нангиад хүн Жилонг Ли. Өнөөдөр 100% хоёр хятадын мэдэлд шилжсэн. Өмнө тус компанийг Шагдаржавын Батцэнгэл, Ширнэнбаньдийн Болдхуяг, Ширнэнбаньдийн Адьшаа нар эзэмшиж байсан. 

5. Квом ХХК. Хувьцаа эзэмшигчид нь Адьшаагийн төрсөн дүү Шагдаржавын Батцэнгэл нар байсан нь баримтаар нотлогддог. 

6. Стэппэс-Энержи ХХК. Үүсгэн байгуулагч нь өнөөх Шагдаржавын Батцэнгэл, мөнөөх Ширэнбаньдийн Адьшаа нар байна. 

7. Баялаг ложистик транс ХХК. Таван тив групп ХХК, Галба-Ус ХХК, АУМ алт ХХК-иуд нь нэгдмэл ашиг сонирхлоороо мөн л Ширнэнбаньдийн Адьшаагийн үүсгэн байгуулсан “Ховдхаан бирж” ХХК-тай холбогддог. Энэ компаниа Ш.Адьшаа Ванчинцэрэнгийн Цамба гэгчид шилжүүлсэн байдаг. 

8. Дөргөний нарны цахилгаан станц ХХК.   Ш.Адьшаа үүсгэн байгуулсан. Эцсийн өмчлөгчөөр нь Ш.Адьшаагийн эрхи зүүсэн баруун гар Цэндээгийн Мягмардорж бүртгэлтэй байна. 

9. Шанх ложистик ХХК. Үүсгэн байгуулагч нь Батжаргалын Дөлгөөн. Шанхтранс ХХК. Үүсгэн байгуулагч нь Алтан говь групп, Чойжилын Батжаргал нар. Гүйцэтгэх удирдлага нь Батжаргалын Дөлгөөн. Эдгээр компанитай нэгдмэл ашиг сонирхол бүхий нүүрс ачих буулгах талбайн үйл ажиллагаа эрхлэгч компани нь Алтанговь транс ХХК юм. Үүсгэн байгуулагч нь гаалийн Ш.Адьшаа өөрөө. Хятадын иргэн Ши Вэй Шинтэй хамт үүсгэн байгуулсан. Нүүрсний хулгай сөхөгдмөгц Ш.Адьшаа үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг олон компаниудаасаа нэн даруй нэрээ салгаж мөрөө буруулсан. “Алтанговь транс ХХК-ийн хувьцааг 100% эзэмшиж байсан эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийн нэрийг  Улсын бүртгэлээс яаралтай хасуулсан. 

10. Галбаресурс ХХК. Үүсгэн байгуулагч нь Чойжилын Жаргалсайхан, эцсийн өмчлөгч нь Жаргалсайханы Энхманлай, гүйцэтгэх удирдлага нь Жаргалсайханы Энхмандах. Тус компанитай нэгдмэл ашиг сонирхол бүхий Гурвансайхан интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч нь өмнө нэр дурдагдсан Чойжилын Батжаргал, Чойжилын Буянжаргал нар бүртгэлтэй байна. Өмнө нь энэ тус компанийг нүүрс үүрээд шүүх рүү явж, УИХ-ын гишүүний дээлээ тайлсан “ Ажнай” Д. Бат-Эрдэнэ эзэмшиж байсан. 

11. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх байгаад нүүрсний хулгайн дуулианаар ажлаа өгсөн. Нүүрс зөөдөг “Эм Жи Өү транс ХХК нь Ш.Мөнхцэцэгийн аав Баньдийн Шагдарсүрэн 

12. Энхдэлгэр говь ХХК: Хувьцаа эзэмшигч нь Ш.Адьшаагийн зөвлөх байсан Ш.Мөнхцэцэгийн аав Баньдийн Шагдарсүрэн. “Мөнхцаст транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Шагдарсүрэнгийн охин Мөнхзаяа буюу Ш.Адьшаагийн зөвлөх Мөнхцэцэгийн төрсөн эгч болж таарч байна.    

Ш.Адьшаа гишүүн өөрөө ингэж хэлсэн юм. 

2012 оноос хойш нүүрс тээврийн, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой , ер нь уул уурхайтай холбоотой нэг бизнес , нэг асуудалд орооцолдох юм бол би монголын ард түмнийг харах нүүргүй гэдгээ хариуцлагатай хэлье”. Бариулсан сэндвичээ бантаад танихгүй байсан хүн өөрийгөө таньж байгаа бол ингэж л хэлсэн юм шүү дээ.