Цаг үеийн мэдээ

Ард түмэндээ “Химичин дайчид” гэдгээрээ танигдсан Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат алба хаагчид сар шинийн босгон дээр эх түүхээрээ бахархаж, өв соёлын үнэт үзмэртэй танилцлаа. ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу хугацаат цэргийн алба хаагчдад эх түүхээ судалж мэдэх, түүхэнд байгуулсан баатарлаг үйлсээр нь бахархах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг олгох зорилгоор нэгтгэл, ангийн хугацаат албаны дайчдыг шат дараатай “Чингис хаан” үндэсний музейтэй танилцах боломжийг олгоод байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд химичин дайчид музейн үнэт үзмэртэй танилцлаа.

"Чингис хаан" үндэсний музей нь 2019 онд анх байгуулагдсан бөгөөд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг дэлгэн толилуулжээ. Ингэхдээ техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэсэн нь дайчдад ойлгомжтой байж чадсан юм. 

                                                Дэслэгч Б.ХИШИГНЭМЭХ