Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах тэмцээний цэрэгжлийн гимнастикийн модон моринд малгай тавьж харайх төрөлд энэ жил түүхэн амжилт бүртгэгдэж, спорт сонирхогчдын бахархлыг төрүүлсэн үйл явдал тохиолоо. Модон моринд 14 малгай тавьж харайсан тохиолдол урьд хожид бүртгэгдээгүй бөгөөд түүхэн рекордыг ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн командын дөрөвдүгээр дамжааны сонсогч Эрдэнэхүүгийн Энхтүшиг тогтоож чадсан юм. 13 малгай дээгүүр хамгийн анх 1990-ээд оны сүүлээр хурандаа Б.Дамдинсүрэн агсан харайж, анхны амжилт тогтоосноос хойш хэд хэдэн тамирчин энэ амжилтыг давтаж байсан түүхтэй байна. Харин 14 малгай дээгүүр харайсан нь анхных ажээ. Түүхэн амжилтын эзэн сонсогч Э.Энхтүшигтэй ярилцсанаа хүргэж байна. 

Танд баяр хүргэе, түүхэн амжилт тогтоолоо ...

Баярлалаа. Энэ бол миний эргэн тойронд байдаг багш, онжавууд, гэр бүл, сургуулийн минь хамтын амжилт. Анх модон морин дээр малгай тавьж харайх төрлөөр хичээллэх сэдэл санааг ҮБХИС-ийн багш, аймгийн арслан Ц.Дашпүрэв надад өгч, бэлтгэл сургалтыг минь хангуулсан. Цэрэгжлийн гимнастикийн онцлог, ач холбогдлыг дэслэгч Б.Баярбилэг багш маань ч ойлгуулсан. Ингээд 2022 оны тэр жилдээ буюу хоёрдугаар дамжаандаа модон морин дээр 11 малгай тавин харайж, зургаадугаар байрт шалгарсан. 2023 ондоо дахин оролцоход 10 малгай дээгүүр харайж хүрэл, волейболын аварга шалгаруулах тэмцээнд багаараа алтан медаль тус тус хүртсэн. 

Бэлтгэлийн явцад 14 малгай дээгүүр харайдаг байв уу?

Саяхнаас ҮБХИС-ийн багш ахмад О.Гантулгын заавар дор бэлтгэл сургалтаа хангаж эхэлсэн юм. Багш 12 малгай дээгүүр харайлгачихаад 13, 14 гэхээр дургүйцдэг байсан. Магад чадахгүй бол сэтгэлээр унах байх гэж сэтгэл зүйг давхар бодсон байх л даа. “Зүгээр л чамд нөөц байгаа, 12 малгай дээгүүрээ хангалттай үсрээд сурчих” гэж л заадаг байсан. Тийм болохоор 13, 14 малгай дээгүүр бэлтгэлийн үед огт харайж байгаагүй. Сая харин тэмцээний үеэр анхлан харайж, тэр нь бүр амжилттай болсонд маш их баяртай байна. Гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнээс эхлээд намайг “ташуурдаж”, чадна гэдэг урам хайрласан бүх багш нартаа баярлаж байна. Магад миний ингэж сайн харайх үндэс нь сэтгэл хөдлөл бага, хэт догдолж, сандраагүйтэй бас холбоотой байх. Түүнээс биш энэ төрөлдөө тогтмол амжилт үзүүлдэг шилдэг тамирчид ч маш олон байсан шүү.

Спортын бусад төрлөөр хичээллэдэг үү, таны ирээдүйн зорилго ...

Волейболоор хичээллэдэг, нэгдүгээр зэрэгтэй. Гардан тулаан, цэрэгжлийн спортын таван төрөлтөөр ч хичээллэж, цэргийн сургуульдаа тэргүүлэхээс Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнд ч байр эзэлж ирсэн. Сонсогч болохоор хичээлдээ шамдаад зарим тохиолдолд хүссэн амжилтаа үзүүлээгүй нь ч олон бий. Гэхдээ нэг зүйлийг ойлгож авлаа. Энэ нь хэрэв та өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр хичээвэл амжилт ойрхон байдаг шүү гэдгийг. Залуус нэг ажлыг эхлүүлчхээд шантраад хаячихдаг шүү дээ. Тэгвэл та түүндээ сонирхолтой, тэгээд бүр маш их хичээдэг бол хүссэн үр дүн чинь заавал ирдэг гэдгийг залуустаа хэлмээр байна. 

Таны асуусанчлан ирээдүйн зорилго сайн офицер болох. Хавар төгсөөд хөдөө орон нутгийн ангид томилогдож, хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллахыг хүсэж байна. “Цэргийн хүн томилогдох тусам их зүйл сурдаг” гэдэгчлэн амьдралынхаа нэг хэсэг болгон сонгосон мэргэжилдээ эзэн нь болж гялалзахын төлөө хичээх болно. Манай гэр бүлд цэргийн хүн байдаггүй болохоор аав, ээж маань ч маш их баяртай байдаг. 

Аав, ээж нь их баярласан байх даа...

Тэгэлгүй яах вэ, бахархаад ханахгүй байна гээд утсаар ярьсан. Манайх Дорнодын айл. Аавыг минь Д.Эрдэнэхүү, ээжийг Д.Давааням гэдэг өдгөө Чойбалсан хотдоо ажиллаж амьдарч байна. Аав хувиараа хөдөлмөр эрхэлж, ээж нягтлан бодогч, би эхээс гурвуулаа. Манайхан “Сургуулийнх нь ээлжийн амралт болж байна уу, хурдан ирээрэй” гээд л баярлаад залгаад байсан болохоор өнөөдөр нутагтаа ирж явна. 

Мэдээж цаашдаа энэ амжилтаа улам ахиулахын төлөө хичээллэх болно. Спортод элэгтэй дуртай болоход нөлөөлсөн Дорнод аймгийн VIII сургуулийн биеийн тамирын багш Л.Баяржаргал болон өнөөдрийн амжилтыг гаргахад тусалсан ҮБХИС-ийн Биеийн тамирын тэнхимийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ахмад О.Гантулга, дэслэгч Б.Баярбилэг, Ц.Дашпүрэв багш нартаа баярлалаа гэдгээ хэлье. 

Ахмад Д.БОЛОР