Цаг үеийн мэдээ

Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Баян сумын малчин Жамсрангийн Чулуунбаатарын гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Шагналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гардуулав.

Ж.Чулуунбаатар нь мал аж ахуйн салбарт 40 жил үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэн, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулан, залуу малчдад мал маллах арга ухаанаа зааж сурган, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.

Төрөлх Баян сумынхаа түүхт 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсанд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Буянт малын арван цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.