Цаг үеийн мэдээ

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын "Пома" группийн төлөөлөл оролцов. Төслийн гүйцэтгэгч Пома группийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр Франц улсаас энэ долоо хоногт ажлын шугамаар ирсэн.

"Улаанбаатар хотын Захигаатай хамтран хэрэгжүүлэхээр болсон дүүжин тээврийн төслийн талаар "Пома" компанийн төслийн менежер: -Энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захиргаа, төслийн нэгж, Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж, төслийг урагшлуулах шийдвэрийг гаргана. Пома групп өөрийн охин компаниудтай хамтран дэлхий даяар дүүжин тээврийг нэвтрүүлэхийг зорьдог. Охин компаниуд судалгаа, бүхээгийн загварыг зохион бүтээх, механик эд ангийн угсралтыг хийдэг юм.

Дүүжин тээврийн технологи газрын ган татлагат, агаарын троссон татлагат тээврийн хэрэгсэл хоёр ангилалтай. Дүүжин тээврийг Колумб улс нийтийн тээвэртээ нэвтрүүлж чадсан. Зургаан шугамыг амжилттай ашиглалтад оруулсан энэ жишиг төсөл 20 жилийн өмнө эхэлж байлаа. Энэ хугацаанд дуу чимээгүй, агаарын бохирдол үүсгэдэггүй, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй төхөөрөмжийг бүтээх боломж манай группт бий болсон. Францын томоохон хотуудад ч дүүжин тээвэр нэвтэрч, нийтийн тээвэрт амжилттай явж байна. Дүүжин тээврээсээ буугаад метро, автобусанд шууд суугаад явахаар холбогдсон байдаг.

Газарзүйн байрлал нь хуваагдсан, түгжрэл ихтэй, агаарын бохирдол, дуу чимээ ихтэй гэх том хотуудын асуудлыг дүүжин тээвэр шийдэж байгаа. Амьдралын чанар ч дээшилж, нийтийн тээвэрт зарцуулах хугацаа дөрөв дахин багассан. Францын Телло дүүжин тээвэр нэг цагт хоёр талдаа 10,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Эдгээр иргэнийг автобусаар тээвэрлэвэл нэг цагийн хугацаанд 100 автобус хэрэгтэй, автомашинаар зөөвөрлөвөл 2,000 машин хэрэгтэй болно.ОХУ-ын Нижний Новгород хотын Волга мөрөн дээгүүр дүүжин тээврийг нэвтрүүлсэн нь цастай, мөстэй хүйтэн нөхцөлд ажилладгийг нотолж байгаа юм. Хүйтэн, дулаанд ажилладаг. Улаанбаатар хотод Туул гол дээгүүр дүүжин тээврийн шугам тавигдана" гэлээ.