Цаг үеийн мэдээ

Ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших өөрийн зохиосон дуунуудаа дуучдаас татаж авах тухай өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн. Харин дуучид энэ тал дээр зохицох тухай ярилцаж байгаа. Дуучин Т.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нарын гадаад, дотоодын хамтрагч байгууллагууд гэрээгээ цуцалж буй талаар мэдээлэл гараад буй юм. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс тодрууллаа. 

-Гадаад, дотоодын хамтрагчид гэрээгээ цуцалж байгаа тухай мэдээлэл гарсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоорондоо зохицох асуудал л байгаа юм. Гэтэл твиттер хуудаснаа бичсэнийг нь хүмүүс хараад эргэж буцаад байна. Үүнээс болоод хамтрагч байгууллагууд ч яахаа мэдэхгүй, сонсогч үзэгчид ч ацан шалаанд ороод яах ёстойгоо мэдэхээ больчихлоо. Гурван талаасаа ярилцаад яруу найрагч, ая зохиогч, дуучид тохиролцох асуудал шүү дээ. Яруу найрагч, дуучин хоёрын зөвшилцөлгүй нэг хүн шууд дуу дуулахыг хориглох эрх байхгүй. Дээрээс нь хууль нь хэрэгжиж эхлээгүй, батлагдаагүй. Хүний амьдралаар ингэж тоглоом, шоглоом хийж болохгүй юм л даа. 

-Та өөртэй нь уулзсан уу?

-Утсаа авахгүй байгаа. Хаянаа бид хоёр ярилцаад учир зүйгээ олъё гэхээр утсаа авахгүй юм.

-Хэрэв хамтрагч байгууллагууд чинь гэрээнүүдээ цуцлаад байгаа бол та бүхэнд их хэмжээний хохирол гарна. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ?

-Хохирол гарахаас гадна тэр эрсдэлийг бид үүрч явах болно. Энэ эрсдэлийг тооцож, хэнээс болсон бэ гэдгээ шүүхээр шийдүүлнэ. 

-Хоёрдугаар сарын 14-ний өдөр товлосон тоглолт болох уу?

-Болно.

-Гадаадын аялан тоглолтууд яах вэ?

-Энэ тоглолтууд асуудалтай болчихоод байна. Түүнийг үзэх гэж билет захиалсан хүмүүс эргэлзээд, буцааж эхлээд байна. Гэмгүй сонсогчдыг хуйлруулаад, эргэлзээтэй байдал үүсгэчихлээ. Зүгээр л яриад би ингэе, та нар тэг гээд л ярилцчих зүйл шүү дээ. Энэ бол бидний хөнжил доторх л яриа. Тухайн үед хууль эрх зүйн орчин байгаагүй. Маш олон жил бид тэр дууг дуулж, амьдрал цаг хугацаа, эд эсээ бүгдийг нь зориулсан. 

-Та бүхэн Зохиогчийн эрхийн хуулийг дэмжиж байна гэсэн. Энэ талаараа хэлсэн үү?

-Ер нь зөв. Өөжгий ахын зөв. Дэлхий даяараа зохиогчийн эрхийг дээдэлж байна. Зохиогчийн эрхийг бид хүндэтгэнэ, хүлээн зөвшөөрнө. Үүний хууль зүйн зохицуулалт одоо л хэрэгжиж эхлэх гэж байна. Хэрэгжээд эхлэнгүүт бид хоорондоо зөвшилцөөд, гэрээ контрактаа байгуулаад цааш энэ харилцаа үргэлжлэх ёстой биз дээ. Хэдэн дүү нарынхаа энэ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлмээргүй байгаа юм. Гэмгүй сонсогчдыг талцуулаад, хийх гэж байгаа ажлуудыг минь баллаад баймааргүй байна. Тэгээд уулзъя, ярилцъя гэхээр нүүр тулж уулзахгүй. Хэвлэл мэдээлэлд ярилцлагаа өгөөд, энд тэнд пост бичээд л байгаа юм. 

-Та мессэж бичиж үзсэн үү?

-Бичсэн. Хариу байхгүй. Тэгээд пост хийхээр хариу бичээд байгаа юм. Ахаа бид хүлээн зөвшөөрч байна. Таны зөв. Хууль нь батлагдаг. Хэрэгжээд эхлэг. Тэгэхээр гурван талаасаа яруу найрагч, дуучин, ая зохиогч гэрээгээ тохирно. Гэхдээ хууль хэрэгжиж эхлээгүй байна. Бидний ажил явагдаж байна шүү дээ. Ажлыг минь битгий дундаас нь тасалж цалгардуулаач. 

С.ОТГОНБАЯР