Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 7-8-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг хамт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендэр нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авав. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.