Цаг үеийн мэдээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд идэвх, зүтгэл гарган ажилласан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн, дэслэгч генерал Ц.Тогоо, “Монгол генерал” төрийн бус байгууллагын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү нарыг “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагнах ёслолын ажиллагааг өчигдөр Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа. 

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар оролцлоо. 

Цагдаагийн хурандаа Т.Сүхболд хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, алба хаагчдын ололт, амжилт, эх орныхоо төлөө гүйцэтгэсэн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх үйлсэд манлайлан оролцдог Та бүхэндээ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо.